Ерөнхий сайд намын дарга байна гэдэг заалт Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчинд хаана ч байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдэгдлээ.
Тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын сонгуульт ажилтай бөгөөд сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явцтай холбогдуулан хуралдсан Хяналтын ерөнхий хорооны хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ийнхүү тодотголоо. “Ерөнхий сайд намын дарга байна гэсэн зарчим ч байх ёсгүй.
Энэ зарчим хэрэгжээд эхэлбэл төрийн дээр нам байна гэдэг зүйл албан ёсоор тогтоогдох болно. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Үндсэн хуульд сонгуульд ялалт байгуулсан нам нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан.
Намын даргыг нэр дэвшүүлнэ гээгүй байгаа биз. Тухайн нам хэнийгээ ч нэр дэвшүүлж болно. Ерөнхий сайд намын дарга байна гэдэг зүйл намын дүрэмд ч байхгүй, хууль эрх зүйн орчинд ч байхгүй. Манай намын дүрэмд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан. Хэрэв “намын дарга байна” гээд заачих юм бол Үндсэн хуулийн зөрчил рүү орох учраас “нэр дэвшүүлнэ” гэж оруулсан байдаг” хэмээн тайлбарлалаа.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын Бага хурлыг яаралтай зарлан хуралдуулах, улмаар Их хурлаа товлохыг Удирдах зөвлөлд чиглэл болгожээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд МАН-ын Их хурал хуралдах асуудал, намын даргын өрсөлдөөн гээд олон зүйл яригдаж байгаатай холбогдуулан нийгэмд олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаад МАН-ын Хяналтын ерөнхий хороо анхаарч ажиллаж байгааг тэрбээр хэлсэн.
Тухайлбал, “Хууль хяналтын байгууллага улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцоод байгаа талаар улс төрийн дүгнэлт гаргах ёстой. Үнэхээр оролцоод байгаа бол ардчилсан тогтолцоотой улсад байж боломгүй үйлдэл. Авторитар нийгэмд ч ийм зүйл байдаггүй. Ийм бусармаг зүйл болж байгаа бол бид улс төрийн дүгнэлт хийж, хатуу тэмцлийг өрнүүлэх ёстой” хэмээн мэдэгдлээ.