ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН, МАН, ХҮН албан ёсоор хагарлаа зарлаж, засаглалын хямрал нүүрлэх өдрүүд айсуй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

Монголын улс төр, тэр тусмаа сандал суудлын томилгоо шөнөөр хийгддэг тэр зарчмаар Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайдыг суудлаас нь буулгах улс төр үүр цүүрээр явагдаж, өглөө гэхэд түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал давамгайлав.

Тодруулбал, нэн чухал хуулийн төсөл хэлэлцэхэд нэг ч харагддаггүй улстөрчид сандал суудлын дуулианаар 110-уулаа цуглаж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг бүтэн өдөржин, шөнөжин хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы онцлог нь 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламент төдийгүй Үндсэн хуулийн 44.1 дэх заалт буюу “Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх” асуудлыг оруулж ирэх хуулийн заалтыг анх удаа хэрэглэсэн гэдгээрээ онцлогтой байлаа. Ерөнхий сайдын тухайд улс төрийн буулт хийх гэхээс илүүтэй эхлүүлсэн ажил, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хамгийн чухал нь үнэт зүйл буюу сонгодог парламентын дархлааг хамгаалах, тогтолцооны гажуудлын эсрэг энд зогсож байна гэдгээ онцолж, албан тушаалтайгаа зууралдаж байна гэхээс илүү ард түмний хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж, юуны учир, яагаад суудлаасаа буух болсон шалтгаанаа энэ хуралдааны үеэр илэн далангүй хэлэхийг хүсэж буйгаа онцолсон юм.

Төв талбайн жагсаалын цаана ямар улс төр байсан, Төрийн ордонд улстөрчдийн блоконд орох шалтгаан чухам юу байсныг эхэндээ тэр олигтой яриагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр шууд тулгаж асуусан асуултыг булзааруулах байдлаар улс төрийн хагарал, зөрчлийн асуудлаа аль болох намдуу байдлаар шийдвэрлэх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан 18.00 цагтай уралдан эхлэх үед нөхцөл байдал нэлээд хурцадсан гэж хэлж болно.

Тэрбээр, чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчтэй үл ойлголцох асуудлыг танхим дотроос нь эхлүүлснийг хэллээ. Танхимынх нь нэр бүхий сайд нар ар өврөөс нь “хутгалж”, хутган үймүүлсэн үнэнийг гаргалаа. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын төсөл зурагдаад ирэхэд л хоёрдугаар ээлж хоолондоо гэдэг улс төр явагдаж эхэлснийг ч мөн дуулгав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд тааллаараа орж ирсэн нь МАН-ын зөрчил, дотоодын хагарал ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг бэлхнээ нотлох үйл явдал болсон билээ.

Ерөнхийлөгчийн "хөвөнд боосон чулуу" шиг үг буюу МАН-ын үе хоорондын хагарал

Ерөнхийлөгчийн биеийн хэлэмж, “би”,”ард түмэн” гэх үгийг хяналтгүй, цензургүй хэлж буй зэргээс харахад тун ихээр уурласан, товчхондоо танхимын уур амьсгалыг мэдрээд дарах гэж орж ирсэн гэдэг нь харагдаж эхэлсэн билээ. УИХ-ын чуулган эхэлсэн даруйд уур амьсгал тэр чигээрээ Ерөнхий сайдын талд ханарч, суудалтайгаа үлдэх нь ээ гэдэг нь хэнд ч илэрхий байлаа.

Энэ уур амьсгалыг мэдэрсэн Ерөнхийлөгч чуулганы хуралдаан руу орж ирэхдээ “Би энэ хоёр залууд улс төр заасан юм. Би энэ залууд АТГ-ыг өгсөн юм. Би энэ залууг хөтөлж оруулж ирсэн юм. Би баялгийн сангийн автор” хэмээсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг "хэмжээндээ байгаарай" хэмээх сануулга болон сонсогдсон нь худлаа биш. Нөгөөтэйгүүр, “Чи суудалтайгаа зууралдаад байвал ард түмнийг арай өөрөөр хөдөлгөж чадна шүү” гэсэн битүү юм шиг боловч шуудхан сүрдүүлсэн тэрхүү үгнээс үүдэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан парламентыг сүрдүүлсэн Ерөнхийлөгчийг огцруулах улс төр эхлүүлэхээ мэдэгдэв.

Хамгийн хоржоонтой нь ард түмний эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч маань “Аятайхан байгаарай та нар. Би огцруулна гэж мэдэгдэж байна. Дуугүй кнопоо дар” хэмээн парламентаа заналхийлээд гарч одоход ард нь алгаа ташаад үлдсэн улстөрчид чухамдаа Монгол Улсын иргэдийн төлөөлөл, өнөөх сонгодог парламентыг бүрдүүлэх хүч мөн билүү хэмээн эргэлзэхэд хүрснийг нуух юун.

Ерөнхий сайдын тухайд МАН-ын Бага хурлын орой үндсэндээ буулт хийчихээд байсан нь үнэн. Бага хурлын дундуур цаг гаран алга болоод эргэж ирэхдээ “Удахгүй төрөх ач болон гэр бүлээ бодоод би ажлаа өгье” хэмээсэн ч маргаашнаас нь нөхцөл байдлыг арай өөрөөр эргүүлж эхэлсэн. Энэ бол 60, 70 оны ах нарыг одоо л дарж авахгүй бол дахиад цаг хугацаа иртэл удна гэсэн үе тэнгийн залуусынх нь урам дэмжлэг байсан нь хэнд ч тодорхой байв. Тэд ч ажлаа сайн хийж, улс төрийг өнгөрсөн шөнийн 12.00 цаг хүртэл эргүүлж чадаж байв.

Гэвч Ерөнхийлөгчийн хөвөнд боосон чулуу шиг үгэн дотор хавчуулагдсан заналхийллээс олон улстөрч айж, эргэж хургаснаар төсөөлсөн шиг үр дүн гарч чадсангүй. Санал хураалтад оролцсон 82 гишүүний 44 нь Ерөнхий сайдын талд санал өгсөн гэхээр МАН яг тэг дундуураа хуваагджээ гэсэн үг.

Ингээд МАН-д Г.Занданшатар, Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Б.Жавхлан нарын 60, 70 оны ах нарыг дарж, өөрсдийн нөлөөллөө тогтоох Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын 80 оны залуусын улс төр дахиад 4-8 жилээр ухарч буй бололтой. Гэхдээ МАН-ын хагарал энэхүү санал хураалтаар нэгэнт ил болсон бөгөөд "хүчтэй олонхи гэж байхгүй болсон шөнө байлаа" гэсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үг тун оновчтой тодорхойлолт болж байлаа.

Товчхондоо, өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө Н.Энхбаяр гэдэг хааныхаа эсрэг У.Хүрэлсүх нарын НАМЗХ-ны залуус тэмцэж, тэрсэлж байсан тэр цаг хугацаа эргэн ирж, орыг нь залгахаар санаархаж буй У.Хүрэлсүхийнхээ эсрэг 80, 90 оны залуус нь сөрөн зогсох улс төрийг бид ирэх өдрүүдэд харах нь ээ. Ерөнхийлөгчийн тухайд парламентын засаглалаар оролдохгүй хэмээж буй ч өөрийн хүнээ Ерөнхийлөгчид сойх, өрсөлдөгчдөө шахан гаргах улс төрөө нэгэнт эхлүүлсэн нь хэнд ч ойлгомжтой зүйл болж байна. Хотыг авах, улс төрийн бүх шатанд буй Л.Оюун-Эрдэнэ хийгээд Х.Нямбаатар нарын нөлөөллийг бууруулах, Д.Амарбаясгаланг УИХ-аас шахан гаргах уу, эсвэл тохироонд орох уу гээд том зодоон одоо л эхэлж байна.

Товчхондоо, МАН-ын хийгээд Монголын зовлон одоо л эхэлж байна. Ирэх өдрүүдэд хүчтэй олонхи гэж байхгүй учраас итгэл үзүүлэх хийгээд, огцруулах улс төр олон өрнөж, тэр хэрээр засаглалын хямрал хаалга тогшиж буй нь харин туйлын үнэн. Энэ зөрчил тэмцлийг харин овжин ашиглах хүмүүс нь гуравдагчтай хамтран төсөл хэрэгжүүлэхгүй, хараат байлгахыг хүсэгч хоёр хөрш хийгээд, уул уурхайн баялгаас нь хяналтгүй, хэсэг бүлэг хүмүүсийг нь тэжээх байдлаар илүү их ашиг хүртэхийг хүссэн Оюутолгой мэтийн гуравдагч орны овжин хөрөнгө оруулагчид л хамгийнг ихээр хожих учиртай. Тэдэнд Монголын төр тогтворгүй, хяналтгүй, саармаг байх тусмаа л ашиг хонжоо ирдэг учраас дотоодын зодооныг алга ташин өөгшүүлж, ил далдаар нөхөөс нэрмээс болж ирсэн нь худлаа биш. Нөгөөтээгүүр, 34 хувиа алдах зовлонгоос ангижирч, өөрсдийн хүслээр улс удирдах болсон Монголын шилдэг бизнесмэнүүд нэртэй хэсэг бүлэг хулгайч нар хамгийн чангаар алгаа хорстол ташиж, баярын бүжиг дэглээд завгүй байгаа нь бас үнэн.

АН-ын хагарал албажиж, дараагийн дарга улс төрийн тоглолтоо эхлүүлэв

Хамтарсан Засгийн газраас хэдийгээр шившигтэйгээр хөөгдсөн ч АН-ынхан эцсийн мөчид улс орны эрх ашгийн төлөө зогсох болов уу гэтэл тийм байж чадсангүй. Эсрэгээрээ өнөөгийн АН-ын дарга нь Ерөнхийлөгчийн өрөө рүү орж гарч ирээд сайд нарыгаа ажлаа өг хэмээн шахсан гэх мэдээлэл цацагдсан. Мөн санал хураалтын яг өмнөхөн наймуулаа ажлаа өгөөд, бүлгээ хуралдууллаа. 90 гаруй хувийн ирцтэй хуралдсан бүлгийн хуралдаанаас 23 гишүүн нь “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх хуралд оролцохгүй байх нь зөв” хэмээн кноп дарснаар үлдсэн 20 улстөрч нь "Ерөнхий сайдад итгэл үзүүлье" гэсэн талд байжээ.

Зарим улстөрчид нь өрөөндөө гишүүдээ дуудан уулзаж, санал хураалтад оролц, ямар нэг аргаар авч үлдэцгээе хэмээн суртал ухуулга хийсэн чимээ ч Төрийн ордноос дуулдав. Гэвч энэ удаа АН-ын хагаралд О.Цогтгэрэлийн тал илүү жин дарж, огцруулах улс төрийг тэр удирдан манлайлав. Бүлгийн шийдвэр хэмээн эрс шулуухан мэдэгдэл хийж, улс төрийн шийдвэрээс эргэж хургавал 2028 онд хохь чинь шүү хэмээн сүрдүүлэхээ ч бас мартсангүй.

Ингээд Х.Баттулга, Э.Одбаяр нарын ятгалаг тусыг эс олж, 20 гишүүн нь цөөдсөн учраас Л.Оюун-Эрдэний талд зогсож чадалгүй ялагдлаа хүлээв. Эндээс АН-ын хагарал албан ёсоор эхэлж байна. Хүчтэй сөрөг хүчин ч гэж байхгүй болсон гэсэн үг. Ирэх өдрүүдэд тэр МАН-ын хоёр талын зодоонд хачир нэмж, хагалан бутаргах хийгээд хамтдаа ангал руу унах улс төрийг хамгийн сайн хийх нь мэдээж биз.

ХҮН жүжиг тавив уу, эсвэл...

Том зодооны хажуугаар жижгүүд ч бас зөрчлөө ил гаргав. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн “Барилгын компанидаа тендер олж авчих гээд л даргын үүд сахиж байдаг манай намынхны үнэн төрхийг нуугаад яах юм” хэмээсэн үг нь ИЗНН ч дотооддоо зөрчилтэй байгааг илтгэв. Нөгөөтээгүүр, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы дундуур гарч ирэн “ХҮН бол МАН-ын халаасны нам юм байна. Зөндөө тэвчлээ, одоо боллоо” хэмээн тэсэрчихээд 10 минутын дараа “Намаасаа гарна гэж хэлээгүй шүү” хэмээсэн нь ХҮН-ын санал ч хоёр талд хуваагдав уу хэмээн хардаж бодмоор.

Гэвч тэрбумын санхүүжилт MCS-ээс авчихсан энэ нам үнэхээр хагарч бутарч, хоёр талд гарч зогсов уу, эсвэл… гэсэн хардлагыг дагуулж буй нь үнэн билээ. Намын дарга нь наанаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмгөөлөөд, хамгаалаад байгаа мэт боловч цаагуураа Э.Золжаргал, Б.Найдалаа мэт нь нөгөө талд ажилласан нь нуух аргагүй үнэн. Үүгээрээ тэд хандивын хариугаа барьж, кнопоо үнэлсэн ч байж мэднэ. Товчхондоо, хагарч бутарч буй мэтээр жүжиг тавьж ард түмнийг тархидчихаад бөөндөө очоод саналаа нөгөө талд өгчихсөн байвал их гайхахгүй байх эмгэнэлт жүжгийг тэд тоглочихов уу хэмээн хардах үндэслэл бий.

Хүчтэй яригдах өдрүүд

Дуулиан шуугиантайгаар үүрэгт ажлаа өгсөн Ерөнхий сайд “Өнөөдөр ордонд хүчин мөхөсдөж байгаа ч үзэл санаа, үнэт зүйлийг хэзээ ч ялахгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй” хэмээсэн үгээрээ би бууж өгөх болоогүй гэдгээ хэлчихэв. Ингэснээр ирэх 30 өдөрт дараагийн Ерөнхий сайдуудын нэр хүчтэй яригдах цаг хугацааны тоолуур гүйж эхэллээ.

Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ хийгээд 80 оны залуус нөлөөллөө хадгалж үлдэх хувилбараа боловсруулаад эхэлчихсэн байгаа. Засгийн газрын тэргүүнд бардаггүй юм гэхэд ЗГХЭГ хийгээд бусад сайдын албан тушаалд нөлөөллөө хадгалах гэж үзнэ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн нөмөрт багтах, ивээлд орох гэсэн Ерөнхий сайдын суудал мөрөөдөгсөд хэвлэлээр хүчтэй нэрээ яриулж, Төрийн ордонд дөрөв, тавдугаар араандаа хийх нь нэгэнт тодорхой болов. МАН-ын хоёр бүлэг аль, аль нь нөлөөллөө хадгалж үлдэхийн төлөөх их зөрчилдөөн наадмын өдрүүд хүртэл лавтай монголчуудыг тайван амраахгүй нь ээ. Амаргүй суудал болон хувирсан Ерөнхий сайдын суудалд хамгийн богино суух хүн хэн байх вэ гэдэг нь бас сонин.

Учир нь ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсэж үлдэж чадах шаанс Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Н.Учрал, Г.Занданшатар нарын хэнээс нь гарах бол. Ерөнхийлөгчийн тухайд ч намаа хэнд атгуулахаас, хөшигний арын улс төрөө хэнд даатгахаас хамааран сайн нэрээр үлдэх Ерөнхийлөгч байж, орны хүнээ томилох улс төрийг оновчтой явуулж чадах бөгөөд тэр тодорхойлолт, таалалд нийцэж чадах улстөрч л ирэх өдрүүдэд жинхнээсээ хүчтэй яригдах болов уу.

21 хоног үргэлжилсэн энэ их улстөржилт горилогсод хийгээд гомдогсдын зодооноор лавтай 30 хоног дахин үргэлжилж, баялгаа өгөхийг хүсээгүй бүлэглэлийнхэн орондоо тухтай нойрсож, ордны хуйвалдаандаа эрх ашгаа шингээн аз жаргалтайгаар үлдэж байна. Харин ядарсан хэдэн монголчууд ял мэт санагдах хямдхан цалинтай, цаг наргүй ажлаа хийж, татвараа төлж, түгжрэл, утаа хоёртойгоо нөхөрлөн сандал, суудлын зодоон дахин хэзээ нойргүй хонуулахыг хүлээн санааширч суух өдрүүд ирэв ээ.