ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал зөвхөн орлого нотлох асуудал байсан бол би гараад уулзчих байсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Ерөнхий сайдад итгэл үзүүүлэхийг дэмжиж байгаа. Итгэл үзүүлэх асуудал анх удаа УИХ руу орж ирж байгаа. Парламентын засаглалаа төлөвшүүлэхэд бид илүү анхаарах ёстой. Өглөө МАН бүлэг хуралдахдаа ямар нэг байдлаар гишүүдээ хайрцаглаагүй. МАН-ын Бага хурал ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Монгол Улс парламентын засаглалаа улс гэдгээ илүү нотолж явж буй энэ  

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Энэ санал хураалт ямар ач холбогдолтой юм бэ. Байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ руу асуудлыг оруулж хэлэлцэхгүй юм билээ шүү дээ. Дэгийн тухай хуулиар санал хураалт яаж гарах нь хамаагүй юм билээ. Тэгэхээр байнгын хорооны гишүүдээр санал хурааж ил тод гэж талцуулж байхаар шууд чуулган руугаа оруулаад саналаа хураагаад явах нь зөв юм биш үү?

УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

Хуульзүй талаасаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолоо УИХ-д оруулна. Холбогдох байнгын хороо нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ оруулна гэж заасан. 102.2, 102.3 гэсэн зүйл заалт зөрчилдөөд байгаа юм. Их хурлаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал байгаа ч бүтцийн байгууллага учраас хэлэлцэхээс өөр аргагүй. Нэгдсэн чуулганд дүгнэлт танилцуулагдана.

УИХ-ын гишүүн Б.Номинчимэг:

-Иргэдийн сонирхож байгаа асуултад хариулт авахыг хүсэж байна. Гурван орчим долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэлгэгдээд орлогоо нотлох асуудал яригдсан. Тун удалгүй “Огцрох амархан” жагсаал болж, тун удалгүй итгэл хүлээлгэх асуудал болж хувирсан. Яагаад ийм зүйл болчихов гэдгийг олон хүн асуухыг хүсэж байгаа. Гадаа жагсаж байгаа залуусыг харахад үзэл бодлоо илэрхийлж байгаа нь мундаг байгаа ч нэгнээ харлуулах явдал хэрээс хэтэрлээ. Гишүүдэд хүртэл нөлөөлөх гэсэн шантаажилсан мессеж зохион байгуулалттай ирлээ. Сарниулсан, олон нийтийг талцуулсан асуудал хэрээс хэтэрлээ. Орлогоо нотлох асуудалд та дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Та бүхэн бүгдээрээ ажигласан байх. Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээ явахтай зэрэгцэн энэ асуудал өрнөж эхэлсэн.

Тэр өдрөө л АТГ-т би бүх материалаа хүлээлгээд өгчихсөн. Гишүүд бүгд ХОМ өгдөг. Түүн дээрээ үндэслээд орлогоо нотлох ёстой. Хүүтэйгээ уулзсан. Манай хүү бас очиж тайлбар өгсөн. Хүү маань 23 настай. Хүү маань нэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой юм билээ. 500 мянгын бугуйвч, бөгж нь 17 сая гэсэн. Хаанаас худалдан авснаа баримтын хамт хүргүүлсэн байсан. Бие давхар болсон учраас бэлэглэсэн юм билээ. Тэр олон нийтэд гараад байгаа том үнэтэй машин Монголд арав хүрэхгүй байдаг. Тэр нь худлаа зүйл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаад хариу өгөх хугацаа нь 30-60 хоног. АТГ-т өгчихсөн асуудлаар би дахин, дахин яриад байхыг хүсээгүй. Гэхдээ энэ чуулганд нээлттэй ярина. 

Хүүдээ цаг гаргаж чадаагүй нь миний алдаа. Гэхдээ 23 настай хүн гэдэг бол бие даачихсан байдаг нас. Хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиохыг нь би хөндлөнгөөс заагаад байж болохгүй. Хэл ам битгий татлаад бай, зөв яваарай гэдгийг би хүүхдүүддээ хэлдэг. Олон нийтийн өмнө гаргахгүй байсан нь буруу байв уу гэж харж байгаа. Манай хүү багаасаа л зураг авдаг байсан. Надад “Хүлэг”, “Херо” хоёрын 50 хувь л байдаг.

Манай аав зураач хүн. Манай хүү энэ авьяасыг нь өвлөсөн. Тэр авьяасаараа явах байх. Миний хувьд орлогодоо эргэлзэж байсан бол янз бүрийн сэдэв рүү орохгүй байсан байх. Энэ жагсаал орлого нотлох л асуудал байсан бол би шууд гараад уулзчихна. Өмнөх жагсаалуудад ч би уулздаг байсан. Залуустаа талархаж байгаа. Ийм нээлттэй ил тод байдлын төлөө бид явсан шүү дээ. Тийм учраас би өөрөө ил тод байдлаа хангаад явна. Нотлогдож чадахгүй байгаа орлоготой холбоотой асуудлаар Засгийн газраас хууль баталсан.