УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн билээ. Өөрөөр хэлбэл, малын тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх юм. Учир нь монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өссөн. Гурилын гол түүхий эд болох улаанбуудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24.4 хувиар өсжээ. Гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан гэж үзэж байгаа аж. Иймд нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм. Энэ талаар зарим УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх нь зөв
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:-Миний хувьд дэмжиж байгаа. Гурилын үнэд шууд нөлөөлөх боломжгүй. Харин хянадаг газар бий. Ямар, ямар зардал нэмээд, зах зээлд ийм өндөр үнэтэй байгааг хянах хэрэгтэй. Иймд төрөөс гурилын гаалийн татварыг тэглэснээр зах зээлд өрсөлдөөн үүснэ. Дотоодын гурилын үйлдвэрүүдийн үнэ буурах юм.
Гэхдээ энэ хугацаатай. Энэ хооронд гаднаас гурил орж ирнэ. Зах зээлд тодорхой нөөц үүснэ. Давхар тариа буудай тариалж байгаа аж ахуйн нэгжид төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.
Өнөөдөр л гэхэд буудай тариалахад эргэлзээтэй болж эхэлсэн. Үнийн хувьд хямд байна. Харин рапс тариалах нь илүү ашигтай байна. Шууд экспортолдог учир дотоодод үлдэц муутай, хөрсөнд халгаатай байна. Иймд салбарын яамнаас тодорхой бодлогыг гаргаад авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Хугацаа заах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар үдээс хойш хэлэлцэнэ. Хамгийн чухал нь тариалан эрхлэгчдэд тохирсон төрийн оновчтой бодлого гаргах ёстой.
Хөдөө аж ахуйн салбарыг гурил үйлдвэрлэгч удирдаж байгаа нь хохиролтой шийдвэр гаргахад хүргэж байна
УИХ-ын гишүүн Н.Ганибал: -Бид өнөөдөр импорт, экспорт гэдэг хоёр асуудлыг маш сайн ойлгох ёстой. Бидний хувьд импортоор орж ирж байгаа гурилын татварыг тэглэнэ гэдэг нь эдийн засагт маш том хор хохирол учирна. Өнөөдөр Монгол Улсад гурил үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд, түүхий эдийг нь бэлтгэж байгаа тариаланчид ажлын байргүй болно. Дэлхий дээр дайн бол хоёр янзаар болдог. Нэг нь буу зэвсэгтэй. Нөгөө нь эдийн засгийн буюу худалдааны дайн юм. Манай хувьд гараа өргөөд бууж өгч байгаатай ялгаагүй зүйл болж байна. Хоёр хөршийн гурилын импортын татварын хэмжээ хэд вэ. ОХУ бараг 90 гаруй хувь бий. БНХАУ 67 хувийн импортын татвартай. Тэд зах зээлээ хамгаалж, өндөр байлгадаг. Мөн ажлын байраа хамгаалж байгаа юм.
Газар тариалангийн салбарынхан ойролцоогоор 100 гаруй мянган хүн бий. Энэ олон хүнийг ажлын байргүй болгочихоод яаж тэжээх вэ. Газар тариалан, гурилын салбарыг хөгжүүлье гэж байгаа бол худалдааны хэлэлцээрүүдийг бид хийх ёстой. Бүгд тариалагч, үйлдвэрлэгч болох нөхцөлийг нь хангаад, бүтээгдэхүүнээ гадны бусад зах зээлд гаргах боломжийг олгох ёстой.
Гурилын үйлдвэрүүд дампуурдаг шалтгаан нь зах зээл бага байдагтай холбоотой. Одоо ажиллаж байгаа цөөхөн үйлдвэр бий. Нөгөөтээгүүр, үйлдвэрүүд өрсөлдөөний шаардлагуудыг нь биелүүлдэггүй учраас харамсалтай зүйл болох гэж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарыг гурил үйлдвэрлэгч удирдаж байгаа нь үйлдвэрүүд болон тариаланчдад хохиролтой шийдвэр гаргахад хүргэж байна.