БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар энэ долоо хоногт ОХУ-д айлчилж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн билээ.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 22-ны хооронд буюу лхагва гараг хүртэл ОХУ-д төрийн айлчлал хийнэ хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин баасан гарагт мэдэгдлээ. Тэрбээр, “Ши Жиньпиний Орост хийж буй айлчлал нь эв найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх болно” гэв. Мөн хоёр орны удирдагчид "Орос, Хятад хоёрын хооронд хязгааргүй түншлэл, стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцэнэ гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Энэ удаагийн айлчлал нь Орос болон Украйны дайнаас хойш Ши Жиньпин Орос улсад хийж буй анхны айлчлал учраас олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй юм. Гадаад хэргийн яамнаас айлчлал Кремльд болно гэдгийг дурдаад, хоёр улсын удирдагчид “стратегийн хамтын ажиллагааны” талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдлээ. Мөн айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн чухал баримтад гарын үсэг зурах ажээ.
Эх сурвалж : CNN
Н.Батзаяа