Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулж, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хуулийн төслийг эрдэмтэн, судлаач нараар хэлэлцүүлж, санал авчээ.
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл бол 2015 онд баталсан Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчилж, үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал байгаа чөлөөт бүсийн тогтолцоог өргөжүүлэх зорилготой. Тодруулбал, олон жил тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн чөлөөт бүсүүдийг идэвхжүүлж, эдийн засгийн тусгай бүс хэмээх олон улсад ойлгомжтой, тодорхой нэршлээр нэрлэж, хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, газрын бүртгэл, мэдээллийг цахимжуулах, хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг олон улсын арбитраар шийдвэрлэх зэрэг олон боломжийг нээх юм.

Эдийн засгийн тусгай бүсүүдийг өөрсдийн онцлог, нөөц боломжид тулгуурлсан бодлогоор хэрэгжүүлнэ.
Үүнд:
• Аж үйлдвэрийн тусгай бүс
• Аялал жуулчлалын тусгай бүс
• Худалдаа, логистикийн тусгай бүс
• Экспортын тусгай бүс
• Инновац, технологийн тусгай бүс
• Хөдөө аж ахуйн тусгай бүс
• Хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс
• Цогц тусгай бүс багтаж байна.
Хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой, таатай эрх зүйн орчныг бүрдүүлж байж эдийн засгийн тусгай бүс үндсэн зорилгоо биелүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлж чадна. Ингэснээр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрууд нэмэгдэх, бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэх юм.
Шадар сайдын Ажлын албаны ахлах референт Ч.Урангоо хэлэлцүүлгийн үеэр Тусгай бүсүүдийн эрх зүйн зохицуулалтыг нэгтгэн, нэгдсэн “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тусгай бүсэд хөрөнгө оруулагчдад таатай, шуурхай, уян хатан орчин бүрдүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хуулийн төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусган ажиллаж байгаа талаар онцоллоо.
