УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлоод байгаа билээ. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс тодрууллаа.
-Байнгын хорооноос хурал зарлаад ирц хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсон. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Бидний зүгээс өнгөрөгч сарын 20-ноос хойш арван удаа ирц авсан. Ирц авах бүрт 4-5 гишүүн хуралдаа ирэх боломжтой байсан. Энэ сарын 22-нд хамгийн өндөр ирцтэй байсан ч харамсалтай нь дахиад ирц бүрдсэнгүй. Өнөөдөр /өчигдөр/ дахиад ирц бүрдэхгүй нөхцөл байдал бий болсон. Наймдугаар сар гарчихсан учир УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь гадаад явж байгаа. Тиймээс ирц бүрдэхгүй байна. Таван УИХ-ын гишүүн гадагшаа явсан, дөрөв нь тойрогтоо ажиллаж байна.
-Хэзээ ирц бүрдэж, дараагийн хуралдааныг зарлах вэ?
-Ирц бүрдлээ л бол хурал зарлахад бэлэн.
-Хамгийн чухал нь ээлжит бус чуулган хуралдах уу, үгүй юу гэдгийг Хууль зүйн байнгын хороогоор шийднэ гэсэн мэдээлэл байгаа шүү дээ?
-Ээлжит бус чуулганыг Хууль зүйн байнгын хороогоор шийдэхгүй. Байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тус асуудлыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч УИХ-ын даргад тавьсан учраас ийнхүү хэлэлцэхээр хурал зарлаад байгаа юм. Өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын даргын зөвлөл хуралдаад Хууль зүйн байнгын хороогоор эхлээд ярих ёстой. Хууль зүйн үндэслэл байна гэвэл энэ асуудлыг чуулганаар хэлэлцье гэдэг шийдвэр гарсан байсан. Энэ хүрээнд л Хууль зүйн байнгын хороо хуралдах оролдлого хийгээд байгаа юм.
-60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудал байгаа шүү дээ. Үүнийг шийдвэрлэх үү?
-Нээлттэй сонсгол хийх асуудлыг ганц байнгын хороо дур мэдэж шийдэхгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд Сонсгол зохион байгуулах гээд тусдаа бүлэг бий. Тиймээс тухайлсан хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах боломжгүй гэж үзсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд мэдэгдсэн байгаа.
-УИХ-ын гишүүдийг хуралдаа ирүүлэх нь байнгын хорооны даргын үүрэг биш үү?
-Тийм зүйл байхгүй. Хуралдаа ирж оролцох нь гишүүдийн үүрэг. Түүнээс УИХ-ын гишүүдийг танхимд суулгаж, хуралдаа ирүүлэх нь миний үүрэг биш.
-УИХ-ын даргын Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн хариунд “Хэрвээ Хууль зүйн байнгын хороо асуудлыг энэ долоо хоногтоо шийдчихвэл ээлжит бус чуулган зарлахад болохгүй зүйл байхгүй” гэсэн байсан?
-Чуулган зарлах тухай асуудал биш байх. Харин АТГ-ын даргыг солих, УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр манай байнгын хороо ярилцах ёстой. Ээлжит бус чуулган зарлана гэдэг эхлэх болон дуусах хугацааг нь тавьдаг. Хэлэлцэх асуудлаа тодорхой тавьж байж чуулган зарладаг. Түүнээс 19 ч юм уу, 26 гишүүн гарын үсэг зураад өгөхөөр шууд зарлаад явчихдаггүй. Нэг хуулийг хэрэгжүүлж байна гээд нөгөө хуулийг зөрчиж болохгүй. Тиймээс энэ утгаар л байнгын хорооны шийдвэрийн дараа ээлжит бус зарлаж болно гэсэн байх.
-УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж байхад хуралдуулахгүй бол Үндсэн хуулийн зөрчил болно гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн тайлбарласан. Энэхүү асуудалд УИХ-ын даргын зүгээс тоймтой хариулт өгөөгүй?
-Ээлжит бус чуулганыг хэзээ зарлах, хэдэнд дуусах, ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг нь УИХ-ын даргын бүрэн эрх. Түүнээс Хууль зүйн байнгын хорооны шийдэх асуудал биш гэдгийг дахин дахин хэлмээр байна.