ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин: Монгол бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой

O.Admin
2022-09-08

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хийн нийлүүлэх бүх үндсэн үзүүлэлтүүд, тэр дундаа Хятадын талтай үнийг нь хүртэл тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.

Ерөнхийлөгч Путин хэлэхдээ "Оросын эрчим хүчний нөөцийг нийлүүлэх нэг чиглэл Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжтой. Монгол бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой, энд ямар ч асуудал харагдахгүй байгаа улс. Энэ хэлэлцээрийн бүх үндсэн параметрүүдийг, тэр ч байтугай Хятадын найзуудтай үнийн талаар ч тохиролцсон. Энэ хялбар байгаагүй. Манай хятад найзууд бол амаргүй хэлэлцээчид, мэдээжийн хэрэг аливаа хэлэлцээрт үндэсний ашиг сонирхлоо баримталдаг. Энэ бол маш зөв. Гэхдээ тэд тогтвортой, найдвартай түншүүд, зах зээл нь асар том" гэв.

Мөн БНХАУ-ын хэвлэлүүд Дорнын эдийн засгийн үеэр "Газпром" компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер, Хятадын үндэсний газрын тосны корпораци /CNPC/-ийн дарга Дай Хулян нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ-д цэнхэр түлш нийлүүлэх "Союз Восток" хийн хоолойн төслийг видео холбоосоор хэлэлцсэн гэж мэдээлж байна.

Газпром компани 2020 онд Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятадад жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжийг судалж эхэлжээ. 2022 оны хоёрдугаар сард "Союз Восток" хийн хоолой барих төслийн зураг төсөл, судалгааны ажил эхэлсэн. Уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд “Сибирийн хүч-2” хийн хоолойн магистраль байдлаар баригдахаар төлөвлөгдөж байгаа юм.

2022 оны хоёрдугаар сарын 3-нд Газпром болон CNPC 25 жилийн хугацаанд 250 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь өдгөө үйл ажиллагаа жигдрэх шатандаа яваа "Сибирийн хүч" хоолойг тойрсон өмнөх нийлүүлэлтийн гэрээнүүдээс тусдаа юм.

"Сибирийн хүч" байгалийн хийн хоолой нь жилд 38 тэрбум шоо метр хий шахах хүчин чадалтай бөгөөд байгалийн хийн хоолойн техникийн шаардлагын дагуу таван жилйн хугацаанд аажмар нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр 2025 он гэхэд дээд хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөсөн. 2021 онд тус хийн хоолойгоор 10,39 тэрбум шоо метр цэнхэр түлш Хятадад нийлүүлсэн нь гэрээнд заасан хэмжээнээс 390 сая шоо метрээр давсан байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/econsarah