Энэ сарын 08-ны өдөр Красноярскийн хязгаарт болж байсан Оросын онцгой байдлын албадын хээрийн сургуулийн үеэр зураг авч байсан нэг кино найруулагч өндөр эгц хавцалын ирмэгээс хальт гишгэн гол руу унажээ.
Улмаар, найруулагчийн амийг аврахаар тэнд байсан хүмүүсээс хамгийн түрүүнд араас нь ус руу үсэрсэн Бүх Оросын МЧС-ийн (Онцгой байдлын алба) дарга-армийн генерал Евгений Зиничев амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Усан доор харагдахгүй том хад чулуу таарсан аж. Тэрээр 55-хан настай байжээ. Жинхэнэ дарга, офицер хүн ямар үлгэр дууриалтай, агуу байдгийг гайхаж Оросын бүх томчууд болон өнцөг булан бүрээс хүмүүс гашуудлын үгс бичин улс даяаараа эмгэнэж байна.
Өчигдөр Ерөнхийлөгч В.Путин өргөсөн тангараг ёсоороо эцсээ хүртэл хүний алтан амь аварч яваад эндсэн түүнийг Орос улсын баатар цолоор нэхэн шагналаа…
Орос орон даяар эмгэнэн гашуудаж, цэрэг эрийн эр зориг, үлгэр дууриаллыг бахдаж бас харуусацгааж байна. “Тэр зүгээр ч нэг сайд биш, аврагч байсан. Евгений Зиничев бүхэл амьдралынхаа турш ингэж л амьдарч ирсэн” хэмээн Онцгой байдлын орлогч дарга Андрей Гурович дурсчээ.