ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Найм дахь удаагийн парламентын хамгийн, хамгийн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-30

УИХ-ын найм дахь удаагийн парламентын анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Анхдугаар чуулганаар олны итгэл хүлээсэн 75 гишүүн тангаргаа өргөж, төрийн туганд хүндэтгэл үзүүллээ. Найм дахь удаагийн парламентын онцлох зүйл нь юу байсныг түүвэрлэе.

СЕХ-ны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг хөндлөө

Анхдугаар чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн билээ. Тэрбээр, нээлтийн үгэндээ СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнд  хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Учир нь ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй, сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем болон аргачлалаа солих хэрэгтэйг санууллаа.

76 гишүүн нэгбүрчлэн авлига авахгүй гэж тангараг өргөв

Парламентын тангараг өргөх ёслол онцгой содон байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн тус бүр тангаргаа нэгбүрчлэн индэр дээрээс уншихын зэрэгцээ "...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэсэн үгийг нэмэлтээр оруулж өгснөөрөө олон нийтийн сэтгэлд нийцээд зогсохгүй хариуцлагыг давхар үүрүүлж байгаагаараа чухал байв. Түүгээр ч зогсохгүй амлалт, тангаргаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн нэгбүрчлэн хэллээ.  Өмнө нь шинээр сонгогдсон гишүүдийн ахмад нь УИХ-ын индэр дээрээс тангараг  уншиж, бусад нь дагаж хэлдэг байсан билээ. Түүний дараагаар УИХ-ын гишүүд төрийн тугандаа хүндэтгэл үзүүлдэг байсан бол энэ удаад нэгбүрчлэн индэр дээрээс үгээ хэлсэн ёсзүй бас давхар хариуцлагыг сануулав.

Үндэсний цөөнхөөс анх удаа УИХ-ыг даргалав

Монгол Улс шинэ нийгэмд шилжээд 30 жилийн нүүрийг үзэж байгаа билээ.  Энэ хугацаанд  анх удаа үндэсний цөөнхийн төлөөллөөс УИХ-ын анхдугаар чуулганыг даргалах хувь тохиов. Тодруулбал, УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нь даргалдаг учиртай. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад нь Х.Баделхан гишүүн байлаа. Тэрбээр энэ жил 65 настай бөгөөд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч.

Хамгийн залуу гишүүн нь Н.Учрал

Хамгийн залуу нь УИХ-ын гишүүн Н.Учрал аж. Тэрбээр, өнөө жил 33 нас хүрч байгаа бөгөөд УИХ-д хоёр дахь удаагаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдон  ажиллаж байгаа билээ. УИХ-ын 2020 оны сонгуулиар хамгийн өндөр санал буюу нийт 53 мянган хүний дэмжлэгээр сонгогдсон юм. Түүний хувьд дүүрэгтээ эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх бөгөөд ахмад настны тэтгэвэр болон боловсролын салбарт нэлээд анхаарал хандуулан ажиллах аж.

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцангүй анхны парламент

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцангүй анхны парламент бүрдлээ. Тэдний хувьд тасралтгүй долоон удаа сонгогдсон бөгөөд хууль эрх зүйн чиглэлд  илүүтэй анхаарч ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж  ХЗДХ-ийн сайдаар таван удаа томилогдон ажилласан бол Д.Лүндээжанцан нь анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж явсан.

Эмэгтэй УИХ-ын Дэд дарга нь С.Одонтуяа

Парламентын түүхэнд хоёр дахь удаагаа эмэгтэй Дэд даргатай болох нь ээ. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан С.Одонтуяа АН-ын бүлгээ төлөөлж УИХ-д дөрвөн жил Дэд даргаар суух аж. Тэрбээр, 2016-2020 оныг хүртэл нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Харин 2004-2005 онд С.Оюун УИХ-ын Дэд даргаар ажиллаж байлаа. 

Хорих ангиас УИХ-ын гишүүн сонгогдлоо

Түүхэндээ анх удаа ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангиас УИХ-ын гишүүн сонгогдлоо. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд  МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сурталчилгааны  үеэр АТГ-аас баривчлан саатуулсан юм.  

 Хоёр хөтлөгчтэй парламент

Энэ удаагийн парламентад сэтгүүл зүйн салбараас хамгийн олон хүн сонгогдлоо. Тэр дундаа олон нийтийг байлдан дагуулсан нэвтрүүлгийн хөтлөгчид болох Б.Жаргалмаа, П.Анужин нар улстөрч болох нь ээ.   

76 гишүүний 14 нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй

Шинэ парламентын 76 гишүүнээс 14 нь хуульч, эрх зүйч, 21 нь эдийн засагч, 12 нь инженер, агрономич, ес нь эмч, багш, 14 нь урлаг утга зохиол, нийгмийн салбарынх зургаа  нь бусад мэргэжлийн хүмүүс байгаа аж. Тэгэхээр хамгийн олон хуульч, эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй гишүүдтэй УИХ болов.