ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна.

Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн. БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ боллоо. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн” гэв. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод бүсээс энэ сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана.Оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч хяналтад байлгаж байна. Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хавьталт хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу  бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан” гэж мэдэгдлээ.