Сүүлийн үед Монгол Улсын иргэд БНСУ-ын Инчон болон Пусан хотоос эхлэлттэй БНХАУ, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудыг дамжин урт хугацааны “далайн хөлөг онгоцны аялал”-аар аялах тохиолдол нэмэгдэж байна. Аяллын хөлөг онгоцны чиглэл, хөтөлбөрөөс хамааран дамжин өнгөрөх болон түр саатах улс орнуудын эрх бүхий байгууллагаас тавих визийн шаардлага харилцан адилгүй байдаг тул БНСУ-аас эхлэх хөлөг онгоцны аялалд оролцох гэж буй иргэд дараах асуудалд ОНЦГОЙ анхаарахыг зөвлөж байна.
Үүнд:
• Паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх;
• Аяллын маршрутад багтсан бүх улсын визийн шаардлагыг дамжин өнгөрөх болон түр саатах тус бүрээр нь урьдчилан нягталж, шаардлагатай ангилалын визийг бүрдүүлсэн байх;
• БНСУ-д дахин нэвтрэх шаардлагатай тохиолдолд холбогдох ангиллын хүчинтэй визтэй байх; /”Single entry”, “Double entry”, “Multi entry”/
• Аяллын явцад тухайн улсын боомт, хотод түр хугацаагаар бууж зорчих нь виз ашигласанд тооцогдож болохыг анхаарах;
• Аяллын компанийн болон хөлөг онгоцны багийн зүгээс тавьсан шаардлага, зааврыг чанд мөрдөх;
• Хөлөг онгоцны аяллаа дуусгаад БНСУ-д дахин нэвтрэх тохиолдолд нислэгийн буцах тийз, аяллын хөтөлбөр, зочид буудлын захиалга зэрэг аяллын зорилгоо нотлох баримт бичгийг биедээ авч явах;
• Хил, цагаачлалын байгууллагад өгч буй мэдээлэл, виз мэдүүлгийн мэдээлэлтэй хоорондоо зөрүүгүй, үнэн зөв байх;
• Өмнө нь БНСУ-ын визийн болон цагаачлалын хууль тогтоомж зөрчсөн, хил дээрээс буцаагдсан тохиолдол байгаа бол хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болзошгүйг анхаарах;
Хилээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу дараагийн улс, боомт руу өөрийн зардлаар зорчих тул иргэд Та бүхэн зорчих болон дамжин өнгөрөх улс орнуудын визийн нөхцөл, хилээр нэвтрүүлэх журам, шаардлагыг урьдчилан сайтар судалж, эрсдэлийн даатгалд бүрэн хамрагдаж, хувийн бэлтгэлээ бүрэн хангасны үндсэн дээр хамрагдахыг зөвлөж байна.
