ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"E-Business 2.0" платформ хэрэглээнд нэвтэрч, 321 зөвшөөрлийг чөлөөллөө

O.Admin
1 цагийн өмнө

Бизнесийг хүнд суртлаас чөлөөлж, эрх чөлөөг нь баталгаажуулах "E-Business 2.0" платформ хэрэглээнд нэвтэрлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үг хэллээ. Тэрбээр, Бизнесийн эрх чөлөөний анхдагч хуулийг дагалдуулан 60 орчим хуульд өөрчлөлт оруулна.  Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бүртгэлийг цаасаар нэхдэг асуудлыг арилгах үүднээс 109 хуульд өөрчлөлт оруулах хуулийг Их хуралд өргөн мэдүүлж батлуулсан. Одоо 321 зөвшөөрлийг E-business 2.0 руу нэгтгэж байна.

"E-business 2.0" нь хууль эрх зүй, технологийн шийдлийг хамтад нь бий болгох юм. Бизнесийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн тоо багасч, 30 энгийн зөвшөөрөл болно. Хугацаа эрсдэлд суурилж автоматаар сунгагдчих юм. Хугацааг 5-10 болгосон гээд гар утаснаасаа компаниа удирдах нь ээ. "E-business 2.0"-д байгаа 300 гаруй тусгай зөвшөөрлийн "API service"-ийг хувийн хэвшилд нээлээ. Төр авах шаардлагагүй. Компаний нэр авах үйлчилгээг хамгийн ойр ашигладаг "апп"-аасаа авчихна гэсэн үг. Цаашлаад хороодуудад заавал төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй болно.

Өнгөрснөөсөө урагшилж, өнөөдөртэй уралдаж, ирээдүйг бүтээхээр зорьж байна. Монгол Улсын ДНБ 2016 онд 22.9 их наяд байсан бол 88.9 болж өссөн. Төсөв 31.2 их наяд, экспорт 15.7 тэрбум, нүүрс экспорт 89 сая тоннд хүрлээ. Гэвч макро түвшинд өндөр байгаа тоо микро түвшинд очихгүй байгаа юм. Эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол өрхийн амжиргаанд өсөлт очихгүй байгаа.

Эдийн засгийн индексээр 10 жилийн өмнөхөөс 26 байраар урагшилсан. 184 орноос 69 дүгээр байрт явж байгаа. Эдийн засаг тэлж, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа сайн мэдээ хэдий ч төрийн өмчит компаниуд татвараар бүрдэж байгаа төсвийн орлогын 61 хувийг бүрдүүлж байгаа цагт хувийн хэвшилд орон зай олдохгүй. Цахим засаглалын индексээр 28 байраар урагшилж, дэлхийн 193 орноос 48-д орж ирлээ. Богино хугацаанд үр дүн гаргаж болдгийн тод жишээ юм. Энэ индексийг хэрхэн урагшлуулах вэ гэдэгт л “Чөлөөлье” санаачилга чиглэнэ.

Зөвшөөрлийн хууль 360 зөвшөөрөлтэйгөөр батлагдсан ч жилийн хугацаанд 381 болсон. Их хуралд өргөн барьж буй хууль болгоны ард зөвшөөрөл нэмээд байвал хуулийн концепц алдагдана. Тиймээс 146 үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эхлүүлэхийг зөвшөөрчихлөө. Үүнээс 84 үйлчилгээг мэдэгдлийн горимд шилжүүлж, "E-business 2.0" руу нэгтгэчихлээ. Сарын хугацаанд 300 бизнес үүдээ нээлээ. Одоо деталчилж ажиллая. 

Дотоодын аж ахуйн нэгжүүдээ экспортлогч болгох үүднээс Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг үр дүнд хүргэх, БНСУ-тай хийж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тавдугаар шат, Төв Азийн 9 оронтой худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийг дуусгах, Узбекстан, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх судалгаа эхлүүлнэ. Япон улстай хийсэн эдийн засгийн хэлэлцээрээ шинэчилнэ. Таван аймагт нарны станц барих тендер зарлахад 146 компани хүсэлтээ ирүүллээ. 37 жилийн дараа Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих компани шалгарч, ажлаа эхэллээ. Төр аж ахуйн нэгжүүдээ дэмжээд өгвөл асар их боломж байна" хэмээлээ.