ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

18 нас хүрээгүй бол мопед, скүүтэр унахгүй байх хуулийг эцэслэж хэлэлцэв

O.Admin
16 цагийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар мопед, скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг зөвхөн 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох, насанд хүрээгүй хүүхэд унахгүй байх зохицуулалтыг тусгасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. “Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үргэлжлүүлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд 2017-2025 оны байдлаар улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг, 2018 зөрчил бүртгэгдэн, 2422 хүн холбогдсон байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 50.4 хувийг 18-25, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байгаа судалгаа гарчээ. Шинэчилсэн найруулгын төсөлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ангилал, жагсаалтыг дотооддоо зохицуулах, ялын бодлогыг чангатгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, хууль бус эргэлтийг сурталчилсан контентыг хязгаарлах зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.