ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина

O.Admin
7 цагийн өмнө

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааныг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр удирдан явуулж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн батлагдсанд яамны газар, хэлтсийн дарга нарт талархал илэрхийллээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

• Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;

• Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;

• Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;

• ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;

• Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;

• Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;

• Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;

• Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.