ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ханиад томуу эрчимжвэл цахимаар хичээллүүлэх үүрэг өглөө

O.Admin
7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар ЭМЯ, БШУЯ-ныхантай уулзлаа.

Улсын хэмжээнд хийсэн эрсдлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргажээ. Харин БШУЯ уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

12 дугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусч, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернетийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.