ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Сумъяабаатар: Хүүхэд, залуусын хөгжлийн төв байгуулвал бүх талаар дэмжинэ

O.Admin
6 цагийн өмнө

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох хэлтсийн алба хаагчдын хамт дүүргийн 1-34 хорооны Ажлын алба болон сонгогдсон төлөөлөгч нартай уулзаж, 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил, тулгамдсан асуудал, ирэх жил хийхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцох уулзалт хийж байгаа бөгөөд X хороолол бүсийн хороод буюу 5,6,30-р хороонд ажилласнаар дуусаж байна.

Дээрх хороод нь Энхтайваны өргөн чөлөө дагуу замын хойд талдаа байрладаг бөгөөд хуучны төлөвлөлттэй тул боловсролын байгууллагын хүртээмж, чанар сайн.

Гэвч хотын төвийн бүс атал хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв байдаггүй юм. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга энэ тухай онцолж, Х хороолол бүсэд хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүй тул хороодын Ажлын алба, төлөөлөгч нар хамтарч энэ талаар төсөл, хөтөлбөр санаачлах, зураг төсөв гаргавал бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ. 

Уулзалтын үеэр оролцогчид хороондоо тулгамддаг асуудлуудаа танилцууллаа. Ингэхдээ хуучны угсармал байрууд дулаан алдагдал ихтэй, дээвэр муудсан, цахилгаан шат эвдэрсэн, хороолол доторх авто болон явган хүний зам муудсан. Авто зогсоолын хүртээмж муу. Гарааш буулгаж, чөлөөлсөн газрууд дээрээ тохижилтын ажлыг гүйцээж хийх. Мөн сүүлийн 30 жилд төлөвлөлтгүй хотхон хорооллууд баригдсанаас түгжрэл их үүсэхээс гадна түүнийг дагасан сөрөг үр дагаврууд их гардаг гэдгийг онцолж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцлоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга хороодын Ажлын алба болон төлөөлөгч нарт асуудлыг 1 хороо, манай тойрог гэлгүйгээр Х хороолол гээд бүсчилсэн байдлаар харж, төлөвлөгөө гаргаж, тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж, танилцуулах, ингэснээр оршин суугчид руу чиглэсэн ажил үр дүнтэй болно гэсэн юм. 

Түүнчлэн дүүргийн 34 хороонд бүсчилсэн байдлаар хийсэн уулзалтаас гарсан саналуудыг манай холбогдох хэлтсүүд мөн тэмдэглэн авч, асуудал бүрийг эрэмбэлэн 2026-2028 онд хийх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байгаа юм.