ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Парисын Олимпын бамбарыг асаалаа

O.Admin
2024-04-17

“Парис-2024” олимпын бамбарыг асаах ёслол Олимпын тууринд боллоо. Ингэснээр ирэх долоодугаар сарын 26-нд наадам эхлэх хүртэл гурван сарын турш бамбарын буухиа үргэлжлэх юм.

Эртний Грекийн тайлгачийн хувцас өмссөн жүжигчин эмэгтэй Нарны гэрлийг ашиглан мөнгөн бамбарыг асаах үед үүлэрхэг байсан нь галыг асаахад саад болжээ. Иймээс даваа гарагт хийсэн сүүлчийн бэлтгэл сургуулилтын үеэр асаасан нөөц галыг ашигласан байна. Францын нийслэлд болох Олимпын нээлтийн ёслолын үеэр Олимпын бамбарыг гэрэлтүүлснээр буухиа өндөрлөнө. Парис хотод өмнө нь 1900, 1924 онд Олимпын наадмыг зохион байгуулж байсан бөгөөд одоо гурав дахь удаагаа болох гэж байгаа юм. 

Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах хэлсэн үгэндээ “Дайн тулаан, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ хүнд хэцүү цаг үед хүмүүс өдөр бүр тулгарч буй үзэн ядалт, түрэмгийлэл, сөрөг мэдээллүүдээс залхаж байна. Хүн төрөлхтөн бид бүхнийг нэгтгэдэг, бидэнд итгэл найдвар төрүүлдэг зүйлийг хүсэж байна. Өнөөдөр бидний асааж байгаа Олимпын гал бол энэ итгэл найдварын бэлгэдэл юм” гэлээ.

Олимпын галыг Грек даяар 11 хоног буухиалсны дараа тэртээ 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадам болсон Афины “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 26-нд Парисын наадмыг зохион байгуулагчдад албан ёсоор хүлээлгэн өгөх юм. Үүний маргааш нь “Белем” хэмээх гурван шурагтай хөлөг онгоцоор Франц руу тээвэрлэж, тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчрах ажээ. Тус хотын боомтод болох ёслолд 150 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна.