ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татлаа

O.Admin
2024-04-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуухан мэдэгдлийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан байр суурь өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд нийтлэгджээ. Тэрбээр өмнө нь Улаанбаатараас ярьж байна гэх нэвтрүүлэгт орох үедээ С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар хөндөхөөс гадна системийн авлига Монголд ямар хэмжээнд хүрснийг илчилсэн билээ.

Тэгвэл  “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш. Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш.

Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг  нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм.

 Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй зэрэгцээд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаас  С.Зориг агсны амиа алдсан асуудал болон бусад холбогдох хэргээр яллагдагчаар татажээ.