ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмийн компанитай О.Дагва, Д.Даваадагва нар Хүний эмийн зөвлөлд байсан нь үнэн

O.Admin
2024-04-15

Үндэсний ТОЙМ сэтгүүлд “Эс үйлдлээрээ эмийнхэнд зусардсан төр” нэртэй сурвалжлагыг нийтэлсэн байх бөгөөд түүнд өөрсдөө эмийн үйлдвэртэй атлаа Хүний эмийн зөвлөлд багтдаг ашиг сонирхол бүхий албан тушаалтнуудын талаар дурдсан байдаг. Тэгвэл эмийн сонсголын өнөөдрийн үдээс хойшхи сонсголд Б.Жаргалмаа гишүүн уг мэдээллийг шинжээч болон ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Х.Даариймаа гэж хүн Хүний эмийн зөвлөлд байдаг. Энэ хүн Мана 4, норов 7 гэдэг эм үйлдвэрлэдэг компанийн захирал гэсэн мэдээлэл байна. “Судрын тун” компанийн эцсийн өмчлөгч нь Д.Даваадагва, “Энхийн шүүдэр” компанийн үүсгэн байгуулагч О.Дамба нар Хүний эмийн зөвлөлийн гишүүн гэсэн мэдээлэл сэтгүүлчдийн цуглуулсан баримтад дурдагдсан байна. Шинжээчээ энэ хоёр хүний асуудал яагаад дурдагдсангүй вэ. Яагаад “Шинэ Анагаах ухаан” сургуулийн М.Уранчимэг гэдэг ганц хүн дээр фокуслаад байна вэ?

Шинжээч:

-Зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтад Мана-4, норов-7 гэсэн эм ороогүй. Тухайн албан тушаалтны ярьж буй асуудал нь өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эмийг Зайлшгүй шаардлагатай эмийн төсөл боловсруулахдаа нэмэлтээр оруулж батлуулсан асуудлыг ярьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хүний эмийн зөвлөлийн гишүүн Д.Даваадагва нь “Судрын тун” компанийн эцсийн өмчлөгч. Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг үү. Өөрсдөө эмийн үйлдвэртэй атлаа Эмийн бодлогын зөвлөлд орж ажилладаг юм байна. Яагаад?

ЭЭХХЗГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа:

-Хүний эмийн зөвлөлийн гишүүдийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталдаг. Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид энэ талаарх зохицуулалт байхгүй. Харин хурлаа хийхдээ тухайн зөвлөлд орсон гишүүд нь эм ханган нийлүүлэх компанитай хамаарал бүхий байвал тухайн хэлэлцэх асуудалд оролцохгүй гэсэн мэдүүлгээ бөглөсний үндсэн дээр санал өгөхгүйгээр оролцох зохицуулалттай. О.Дамба гуайн хувьд өмнө нь байсан, одоо бол Хүний эмийн зөвлөлөөс гарсан. Д.Даваадагва гуай ч мөн адил. Өмнө нь байсан, одоо бол зөвлөлд ажилладаггүй.