ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨӨР ӨНЦӨГ: Хоол бол төр юм

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-04-08

Хоол төр юм байна. Тэгвэл төр ч хоол юм байна. Энэхүү харилцан шүтэлцээнийг ойлгохгүй өтөл болох шахаж, би.

Амьдралын  энэ их элдэв тэмцэл дунд өрнөх өчнөөн үйл явдлаас өнөөдрийг хүртэл “ходоод”-ыг ялсан түүх байдаггүй бололтой. Өлсгөлөн өссөн үеийнхэнд хоол шиг чухал зүйл алга. Өлсгөлөн зантай улстөрчдөд хоол хийх шиг аз жаргал байдаггүй бололтой. Бид чөлөөт зах зээлийн нийгэмд ороод 30 гаруй жилийн нүүрийг үзсэн ч “өлсгөлөн” ходоодны тоглоом одоо ч үргэлжилсээр л...Шуудайгаар нь гурил тараачихвал ялчихдаг нийгмээ тэд бүтээсэн. Шулсан ясаар хорхог хийгээд дайлчихвал саналаа өгчихдөг дөө гэдгийг манай улстөрчид л сайн мэднэ. Одоо бүр хоол хийж гайхуулаад өлөн ходоодыг нь ажиллуулчихвал идэх юмсан гэж шүлсээ залгихдаа саналаа өгнө гэдгийг манай УИХ-ын гишүүд өөрсдийн биеэр батлаад өглөө. Тун удахгүй тойрогтоо очиж плов хийж тараагаад л тэд сонгогдоно гэдгээ мэдэж байна шүү дээ. Ухаантай даа, тэд. 

Нөгөө нөхөрт гардаггүй эмэгтэй фэйсбүүк хаягаа “Цуйван Дулмаа” болгож, өөрчлөөд хань ижилтэй болсон тухай хошин яриа олны дунд байдаг шиг л зүйл болж байна. Борлогддоггүй улстөрчид плов хийчихвэл сонгогддог гэдгийг тэд Н.Энхбаяраасаа сурчихав уу, эсвэл элдвийн мукбанг бичлэг үзээд тэгээд сэтгэчих үү. 

Тэд цахим орчинд хэрхэн хоол хийж байгаагаа оруулж, ажил их хийдгээ ард түмэндээ гайхуулж явна. Гайхуулахаас ч өөр аргагүй биз. Дарга нар маань ногоо арилгаж, мах хэрчиж, гурил элдэж, бууз чимхэж, плов хийж, боорцог хайрч, тогооны хорхог хийж, ууланд авирч, усанд живэх шахам байж, бүхий л сурсан, мэдсэн зүйлээ түмэн олондоо харуулж, амьдралын их харгуйд “зүдэрч” явна даа. Хөөрхийсийг сонгох юм уу, яах юм. Хууль сайн боловсруулдгийг нь биш хоол сайн хийдгээр нь ер нь улстөрчдөө сонгодог болчихвол яадгийн. Өлөн ард түмэндээ таарсан л өлөн маркетинг байна. 

Сонгуулийн дуулианаар УИХ-ын гишүүдээс элдэв хууль, төрийн бодлого, шударга үнэн байдал, хийсэн бүтээсэн ажлын тайлан нэхэж шаардаад байлгүй сайхан амттай пловны халз дисс л хийлгэх саналтай байна. Өөрөөр хэлбэл, сурталчилгааны 17 хоногийг хоолны тэмцээн, мэтгэлцээн дунд өрнүүлж,  ард түмнээрээ амталгаа хийлгэж, хамгийн, хамгийнаа тодруулж, УИХ-ын гишүүнээр сонгодог болцгооё. Ард түмэн сайхан тавгаа аваад халуун савны очер шиг дайрцгаана биз. Угаасаа үнэгүй юманд нугасгүй хойно. 

Тэднээс гадна дотны боловсрол, хэл ус, өндөр ёс зүй, хариуцлага нэхээд байлгүй “Жангум” кинонд гардаг зарчмаар хоол хийлгэж, шилдэг болсон хэдийгээ л 126 гишүүнээр сонгоцгооё. Тэгээд өрөө болгонд нь сайхан гал тогоо тохижуулж өгөөд өдөр бүхэн хоол хийлгээд л амар ч юм уу. Төрийн хууль батлах гэж улсаараа тоглож байснаас төмс, гурилаар тоглоод хаяж байвал арай бага гарзтай юм даа. 

Цаашлаад эрх мэдэл, албан тушаалд хүрэх сонирхолтой залуу шинэ үеийнхэн ч сайхан хоол хийгээд сурчихаг л дээ. Ядахдаа л эхнэр, хүүхдүүд нь хоолтой сууг. Төрийн хууль биш төмс гурилаар уралддаг түшээдийн сонгуулийн дараагийн хийх хоол нь монгол цуйван байвал ямар вэ. Хамгийн гол нь түшээд маань хоол хийхдээ эх орны бүтээгдэхүүн ашиглавал хэдэн хүнсний үйлдвэр маань сэвхийгээд л сэргэх байх даа.