Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд зохион байгуулж буй малчдын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-нийг өрнүүлж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх боломжтой болсон.
Энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д Малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Иймээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас дээрх хууль, тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх сургалтыг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Газрын даамлуудыг хамруулсан бүсчилсэн сургалтыг 2024 оны тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн /2024.05.14/ байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дархан Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудыг хамруулан 150 гаруй хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулаад байна.
Цаашид тавдугаар сарын 15-нд 09:00 цагаас Зүүн бүс /Сүхбаатар, Хэнтий, Дорнод/ 11:00 цагаас, Хойд бүс /Хөвсгөл, Завхан/ 14:00 цагаас, Говийн бүс /Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр/ аймгууд, 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр 09:00 цагаас Баруун бүсд /Баян-Өлгий, Говь Алтай, Увс, Ховд/ цахим хурал зохион байгуулагдана.