ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Ганбаатар: “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр арилжина

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-28

Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн билээ.

Тэгвэл ямаруурхайн зэсийг биржээр арилжих, түүнд “Оюутолгой” багтах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өглөө. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Вьетнам, Чех, БНХАУ, БНСУ зэрэг улсын олон компаниудыг урьж, зэсээ биржээр зарж эхлэхээ зарлана.

Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойн хувьд бид хүсэлт тавьж байна. Оюутолгойн хувьд тусдаа гэрээтэй, бид давуу эрхгүй. Тийм учраас санаачлагаараа оролцох санал тавьж байна гэсэн үг.

Канадад уул уурхайн томоохон чуулга уулзалт оролцохоор би маргааш явна. Уулзалтын үеэр энэ асуудлаар Рио Тинто болон Оюутолгойн удирдлагатай уулзана. Оюутолгой зэсээ биржээр арилжихаар судалж байгаа. Уулзалтын үеэр тодорхой хариу өгнө гэдэгт итгэж байна. Гуравдугаар сарын 18-ны хэлэлцүүлгээр яг хэзээнээс арилжихаа эцэслэн шийдвэрлэнэ. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, УУХҮЯ бэлтгэлээ бүрэн хангасан.

2025 оноос “Эрдэнэт”үйлдвэр болон “Оюутолгой”-н зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжих зорилго тавьж байна” гэлээ.