ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мэргэжлийн эмч нар зудтай аймгуудад ажиллаж байна

O.Admin
2024-02-21

Улсын онцгой коммис, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамтарсан баг бүрэлдэхүүн 21  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж үзүүлэхээр ажиллаж эхэллээ.

Тодруулбал, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг дараах аймгуудад ажиллаж байна. Үүнд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг руу нэг баг, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг руу нэг баг, Булган, Хөвсгөл, Орхон аймаг руу нэг баг., Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг руу нэг баг. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь чиглэлд хоёр баг зудын эрсдэлд бүсэд ажиллаж байна. 

Багийн бүрэлдэхүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотрын эмч, сэтгэл заслын эмч, эхо дүрс оношилгооны эмч, хүүхдийн эмч, жолооч нар багтжээ.

Э.ХИШИГДОРЖ: Эрдэнэсант сум руу явахад долоон удаа цасанд суусан

/Хавдар судлалын үндэсний төвийн эмч/

-Манай баг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн чиглэлд эхний ээлжинд долоо хоногийн хугацаатай ажиллахаар явж байна. Жолоочтойгоо нийлээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Багт Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус тус нэг эмч хамтран ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын дөрөвдүгээр багийн малчин айлд очиж үзлэг шинжилгээ хийхээр явахдаа долоон удаа цасанд суусан. Зам маш хүнд байна. Төв аймгийн зургаан сумаар орох төлөвлөгөөтэй. Эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа малчдад хүрч үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө. Эм тариагаа ч базаасан.

Ер нь бол хүн хүрэхээргүй газар их байна. Цаг агаар одоо ч гэсэн сайжраагүй, шуурч байна. Өдөр нь зам гаргасан замаар буцаад явахад цасанд дарагдсан байгаа нь хүндрэл ихээр учруулж байна. Цасны зузаан маш гүн, ер нь машин явахад хүнд байна.