ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Одбаяр: Бодлого ярьж, шударга өрсөлдөе

O.Admin
2024-05-02

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардуулсан бөгөөд Ардчилсан нам яг одоо батламжаа гардан авч байна.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр "Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авлаа. Найм дахь удаагийн парламентын сонгуульд манай нам бодлого ярьсан эрүүл зөв өрсөлдөөнийг үлгэрлэхээр ажиллаж байна.

Ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл нь чөлөөт сонгууль байдаг. Ардчиллын үрийг тарьж яваа намын хувьд нэг намын дарангуйлал руу нийгмээ ухраахгүйн төлөө түүчээлж ард түмнийхээ итгэлийг дааж оролцоно.

Бусад улс төрийн нам хүчинд хандаж “Бодлого ярья”, “Шударга өрсөлдөе”, “Ард иргэддээ шударга сонголт хийх боломж олгоё” хэмээн уриалж байна. Болж өгвөл хар пиар хийх биш, чөлөөтэй бодож сэтгэх боломжийг нь олгох хэрэгтэй болов уу. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Сонголт хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Тийм учраас парламентын сонгуулиа авч үлдэхийн тулд сонгууль зохион байгуулж байгаа төрийн байгууллага, сонгуульд оролцож буй улс төрийн намууд аль аль нь хариуцлагатай байхыг уриалж байна. Энэ жил дэлхийн нийт хүн амын 60 хувь нь сонгуульд санал өгч байгаагаараа онцлогтой. Ер нь бусад улс орны сонгуулийн үр дүнг харж байхад эрх баригч хүчинтэй хариуцлага тооцсон үр дүн дэлхий даяар гарч байна. Энэ жишгээр шударга сонгууль болж төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" хэмээлээ. 

Keterangan tidak tersedia.
Caption

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцоно. Нам, эвслүүд энэ сарын 14-20-нд нэр дэвшигчдээ тодруулж улмаар жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 10-нд олон нийтэд зарлаж, үнэмлэх гардуулна.

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас буюу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхлэх юм.