ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын цас цэвэрлэж байсан иргэн унаж, нас баржээ

O.Admin
2024-01-10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 105 дугаар сургуулийн орчимд 48 настай иргэн замын цас цэвэрлэж байхдаа унаж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, өчигдөр /2024.01.09/ цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэгдсэн 48 настай эрэгтэй замын цас цэвэрлэж байхдаа унаж, нас барсан байжээ.

Тухайн иргэний амь насаа алдсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох юм. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тухайн үйлдэлд нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Уг ялыг эдэлж байх үедээ амь насаа алдсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн замын цас цэвэрлэж байхдаа хальтирч замын бродюр мөргөсөн аж. Цагдаагийн албан хаагчдыг очиход тухайн иргэний хамраас нь цус гарсан байдалтай байжээ.

Мөн цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэдэг мэдээллийг ЦЕГ-аас мэдээллээ.