ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгчийн мэндчилгээтэй холбогдуулан гурван хүнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

O.Admin
2024-01-02

Монгол Улсын ерөнхийлөгч иргэдэд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарим иргэн өөрийн хийсэн бичлэг, зургаа цахим орчинд түгээсэн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал нийгмийн хэв журмыг гажуудуулах үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй байдаг. Энэхүү үүргийг зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гарсан мэдээллийг шалгаж, дээрх хуулийн дагуу шийдвэрлэсэн байгаа. Үндсэн хуульд Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн, Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. 

Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө халдашгүй дархан эрхтэйг Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан байгаа. Иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөж байна. Ерөнхийлөгчийн мэндчилгээтэй холбогдуулан гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим иргэнд зөвлөж, олон нийтийн сүлжээнд тавьсан контентуудыг устгуулах талаар зөвлөсөн. Цахим орчинд бусдын нэр хүндэд халдаж байгаа асуудлуудыг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Цагдаагийн байгууллагаас дээрх хуульд заасан буюу олон нийтийн сүлжээнд Монгол Улсын төрийн тэргүүний нэр төрд халдсан, бусдыг өдөөн турхирсан асуудалд шалгалтын ажиллагааг явуулсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн зүгээс болон ЕТГ-аас гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй" хэмээн мэдээлэв.