ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Номинчулуун: Эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх аргачлалыг боловсруулсан

O.Admin
2023-12-26

“Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2022” товхимлыг Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгээс эрхлэн гаргаж, захиалагч байгууллагад хүргүүлээд байна. Энэ талаар Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн хошууч В.Номинчулуунтай ярилцлаа.

- “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном” бүтээлийг Монгол Улс хэзээнээс эрхлэн гаргаж эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье?

- Дэлхийн улс орнуудын өмнө гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил хэзээд тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагааг улс бүр өөрийн орны нийгэм, эдийн засаг, нутаг дэвсгэр, хүн ам, зан заншил, соёл иргэншлийн онцлогийг харгалзан харилцан адилгүй арга хэлбэрээр зохион байгуулж ирсэн.

Гэмт хэргийн нөхцөл байдал, хөдөлгөөн, чиг хандлагыг судлах нь гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэмт хэргийн статистик мэдээллийг бүртгэх асуудал сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлсээр байна. АНУ, Япон, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн зарим улс орон гэмт хэргийн нэгдсэн статистик мэдээллээс бүрдсэн “White paper on crime”-ыг өөрийн онцлогтоо тохируулан өөр өөр хэлбэрээр эрхлэн гаргадаг. Энэ жишигт нийцүүлэн Монгол Улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дэмжлэг, санаачилгаар Монголын Криминологичдын холбооноос 2016, 2017, 2018 оны “Гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгож байсан. Харин 2019 оноос эхлэн энэхүү бүтээлийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хариуцан эрхлэн гаргаж байна.

- “Монгол Улс дахь Гэмт хэргийн цагаан ном” бүтээлийн ач холбогдлын талаар?

-Гэмт хэргийг олон талаас нь судлах, гэмт хэргийн түвшин, өөрчлөлт, хөдөлгөөнийг хэмжих, түүний онцлог, шинж чанарыг танин мэдэхэд статистикийн бодит мэдээлэл нэн чухал байдаг. Гэмт хэргийн түвшнийг статистикаар харуулсан энэхүү товхимол нь гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоон, гэмт хэрэг үйлдсэн хүний хэв шинжийг тодорхойлсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх ажлыг цогц байдлаар үр дүнтэй зохион байгуулах, практик үйл ажиллагаа болон энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхэд томоохон дэмжлэг болохуйц бүтээл юм.

Мөн гэмт хэргийн цагаан номд шүүх, прокурор, цагдаа, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг Монгол Улсын хэмжээний гэмт хэргийн тоон мэдээлэл бүртгэдэг бүхий л байгууллагын мэдээллийг нэгтгэн боловсруулдгаараа онцлогтой.

- “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном” бүтээл нь ямар онцлогтой вэ?

-Дээр дурдсанаар, “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ыг 2016 оноос эрхлэн гаргасан бөгөөд энэхүү бүтээл маань жил бүр өөр, өөрийн онцлог агуулга, бүтэцтэйгээр хэвлэгдэн гарч байсан. Манай Их сургуулийн хувьд мөн адил гэмт хэргийн цагаан номыг эрхлэн гаргасан цагаас эхлэн жил бүр сайжруулж, илүү шинэлэг байдлаар боловсруулахыг зорьдог. 2019 оны гэмт хэргийн цагаан номын хувьд зөрчлийн статистик мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар тусгаж өгснөөрөө өмнөх жилүүдийнхээс онцлог байсан гэж бодож байна. Харин 2020 оны гэмт хэргийн цагаан ном нь Монгол Улсад хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулагдсанаараа, мөн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг дэлгэрэнгүй тусгаснаараа тус тус онцлогтой болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэй тэмцэж буй тогтолцоо, түүний дэд систем болох байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг тоон хэлээр илэрхийлсэн эрдэм шинжилгээний төдийгүй практикийн чухал ач холбогдолтой болсон. Энэ товхимлоос эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутан хэн бүхэн хэрэгцээт статистик мэдээллээ авах боломжтой.

Монгол Улс гадаадын зарим улсын сайн жишгийг судлах замаар сэтгэл санааны хохирлыг тооцож үнэлэх, нөхөн олгох эрх зүйн орчин, практикийг бий болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн улмаас учирсан амь нас, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг боловсруулсан. Үүний дагуу, сэтгэл санааны хохирлыг тооцон, иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр, бодитойгоор үнэлэн тогтоосон, мөн хохирол нөхөн төлүүлсэн талаар статистик мэдээг тусгаснаараа “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2022” нь онцлогтой.

Энэ завшааныг ашиглаад “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2022” товхимлыг боловсруулахад шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангасан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, статистикийн байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчид, тоо, мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулахад хичээл зүтгэл гарган ажилласан судалгааны багийн гишүүддээ талархал илэрхийлье.