ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХНХЯ: Хүүхдийн эрхийг хангасан, ёс зүйтэй мэдээлэл, контент гаргахыг уриаллаа

O.Admin
2024-04-30

 

Хүүхэд хамгааллын тухай хууль ирэх есдүгээр сарын 1-нээс  албан ёсоор хэрэгжиж эхлэх билээ. Хуультай холбогдуулан ХНХЯ-наас  Төрийн ордонд өнөөдөр сэтгүүлчдэд “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг байна. Иймд нийт хүүхдийн 37 хувь нийгмийн хамгаалал шаардлагатай айл, өрхөд өсч торниж байгаа аж. Тэр хэрээр хүүхдийн хүчирхийлэл, энэ талаарх дуудлагын тоо эрс өссөн  байна. Өөрөөр хэлбэл, одоогоос 10 –аад жилийн өмнө хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өдөрт 200 байсан бол 1000 гаруй болжээ. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хүүхдийн талаар мэдээлэл гаргахдаа асран хамгаалагчаас зөвшөөрөл авах, мэдүүлгийн хуудас бөглүүлж заншихыг сургалтын үеэр дуулгаж байлаа. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн талаар мэдээлэхдээ ар гэр, асран хамгаалагчийн  мэдээллийг нууцлах, хувийн мэдээллийг дэлгэхгүй байх. Цаашлаад овог, нэрний эхний үсгийг бичихгүй байхаас эхлээд хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй мэдээлэл дамжуулахыг уламжилж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний нууцтай мэдээлэл гарснаар хохирогчийн амьдрах орон зайг улам хумьж, цаашлаад хүчирхийлэгчдийн золиос болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулах аж.

Мөн энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Манай 108 утасны дуудлагын 30 гаруй хувийг үл хайхралт эзэлдэг. Өмнө нь үл хайхралтын талаар ямар нэгэн  хариуцлага ярих гэхээр болдоггүй байсан. Нөгөөтээгүүр, эрх зүйн орчин бүрдээгүй байлаа. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг бид анх удаа хуульчилж өглөө. Иймээс сүүлийн үед 108 утасны дуудлагад үе тэнгийн дээрэлхэлт багагүй нэмэгдэж байгаа. Цахим  орчинд анх удаа хүүхдийн эрхийг хамгаалахыг анх удаа хуульд тусгаж өгсөн. Үүнийг дагаад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэлээдгүй үүрэг хүлээж байгаа. Торгуулийн арга хэмжээ авна. Энэ нь мэдээ мэдээллийг нуун дарагдуулах бус хүүхдийн эрхийг хамгаалахад оршиж байгаа юм. Хүүхдийн эрх зөрчигдөж буй хамгийн гол кейсүүд гэр бүлийн орчинд байдаг. Үүссэн нөхцөлүүдийг нь харахаар 70-80 хувь архигдан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болсон байна. Үүнийг дагаад ахуйн орчинд үүсдэг архидалттай холбоотой асуудлыг хуульчилж өглөө. Хүүхэдтэй айлд архи авч орсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болж байгаа. 108 утасны дуудлагын 10 жилийн ой тохиож байна, энэ онд. Өмнө нь 108 утасанд өнөөдрийн шиг дуудлага ирдэггүй байлаа.

Энэ  нь хүчирхийллийг тэвчдэггүй нийгэм бүрдэж байгаа нь сайн хэрэг. Хүүхдүүд үе тэнгийнхнийхээ талаар мэдээлэл их өгдөг болсон. Тухайлбал, Биеийн тамирын хичээлд орох гээд хувцсаа солих үед манай найзын биенд хөхөрөлт үүссэн байна зэргээр мэдээлэл их ирдэг болсон. Одоогоос 10 жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт өөр байсан.

Дуудлага авсан цагдаа хүртэл ямар арга хэмжээ авахаа мэддэггүй байлаа. Одоо бүх асуудлыг хуулийн дагуу шийддэг болсноор хүчирхийллийн талаарх мэдээлэл, ойлголт олон нийтэд суусан.

Мөн гэр бүлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Үүнийг дагаад хүүхдийн эрх нэлээдгүй зөрчигддөг. Өөрөөр хэлбэл, өмч хуваах, хүүхдийн мөнгөний асуудлаас үүдэлтэй зүйлс маш их хөндөгддөг. Үүнийг сайн зохицуулж өгч байгаа. Эцэг, эх нь олдохгүй хүүхдүүд манай түр байранд их байдаг. Эцэг, эх нь олдохгүй өчнөөн сар болж байгаа тохиолдол ч бий. Хүүхдийн мөнгийг нь зогсоохоор эцэг, эх нь олддог тохиолдол ч бий. Тэгэхээр хүүхэд хамгааллын номер нэг хамгаалагч нь эцэг, эх байх ёстой. Хүүхэд хамгааллын хуулиар дамжуулаад асралт гэр бүл гэдэг зүйлийг нээж байгаа. Энэ нь хүүхэд өргөж авна гэсэн үг биш. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүс байх ёстой. Асрамжийн газрын хүүхдүүдийг амралтынхаа үеэр халуун дулаан гэр бүлийн амьдралыг үзүүлэх  боломжийг олгооч ээ гэдэг хүсэлтийг тавьж байгаа.

Асралт гэр бүлийг хамгийн түрүүнд ах дүү хамаатан саднаас нь аль болох байлгахыг боддог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нийгэмдээ үргэлжлүүлж амьдрах ёстой. Гэтэл тухайн хүүхдийг нь хэн бэ гэдгийг нь илтгэсэн мэдээ, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархснаар улам хүчирхийлэлд өртөх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тухайлбал, ар гэр, эцэг, эх, сургууль, цэцэрлэгийн мэдээлэл, овог болон нэрний эхний үсгийг бичих нь тухайн хүүхдийг олны анхааралд авчирч, хүчирхийлэлд өртөх нөхцөлийг нь улам бүрдүүлж, амьдрах эрхийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртсөн буруутан болдог тогтолцоог үүсгэдэг. Хувь хүний нууцыг чандлан хадгалах, хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэл дамжуулахыг хэвлэл мэдээллийн байгууллага”-д уриаллаа.