ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Theguardian.com: Цөлжилт, зуд, банкны зээл - Өвсгүй малчид

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-17

Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хэрхэн мэдээлснийг бид "Тэд бидний тухай" буландаа орчуулан хүргэдэг билээ. Энэ удаа олон улсын томоохон хэвлэл болох Theguardian.com сайтад сэтгүүлч Фред Хартерийн нийтлэсэн Монголын малчдын ахуй байдлын тухай сурвалжлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Өнгөрсөн өвлийн тухай бодох төдийд Ц.Ганзоригийн бие зарсхийнэ. Цасан шуурганаар тал нутаг малын хамар хатгах өвсгүй болтол цасанд хучигджээ.  Агаарын хэм -35 градус хүрч байв. 

Өвсгүй, тураалд орсон түүний олон арван мал хөлдөж үхжээ. Мөн хэд нь дулаацахын тулд хотондоо шахцалдаж үхсэн байна. Малчин Ганзориг үлдсэн хэдийгээ мэнд онд оруулахын тулд бэлчээр хайж, хол замд оторлож хэдэн долоо хоногийг машиндаа унтаж өнгөрүүлжээ. “Нүүдэлчин амьдралын хэв маяг бол бидний өв соёл. Би үүнийг үргэлжлүүлэн авч яваадаа бахархалтай байдаг” хэмээгээд аягатай гүүний айраг гэрт байгаа хүмүүст барив.

Үргэлжлүүлэн “Гэхдээ эрс тэс цаг агаарт мал маллах улам л хэцүү болж байна. Би одоо 50 хүрлээ. Заримдаа ч “энэ хэцүү цагт мал маллаж байхаар энэ хэдийгээ зараад хотод очиж ажил хийе” гэж бодох юм гэлээ.

Dust, hail and bank loans: the Mongolian herders facing life without grass  | Global development | The Guardian

Монголын 3.5 сая орчим хүн амын 30 хувь улирлын аягийг дагаж, малын бэлчээр хайн мал маллаж байна. Суурин газрын оршин суугчид нь ч мал аж ахуйтайгаа салшгүй холбоотой аж. Ганзоригийн амьдарч буй Өвөрхангай аймгийн албаны хүн С.Бямбадорж “Бид мал аж ахуйтайгаа салшгүй холбоотой. Нүүдэлчдийн соёл бидний генд бий” гэв.

Гэвч, уур амьсгалын өөрчлөлт, буруу менежментийн улмаас Монгол бэлчээрийн доройтолд өртөж, 90 орчим хувь нь цөлжжээ. Олон мянган малчид байгалийн сорилтод сөхөрч, хот газар бараадсан байна. Далайд гарцгүй Монголын агаарын хэм 1940 оноос хойш даруй 2.2 хэмээр нэмэгдэж, дэлхийн дунджийг давсанаас гадна жилд орох хур тунадасны хэмжээ огцом буурч байгааг НҮБ-аас мэдээлсэн юм.

Зун нь хур бороо орохгүй ган болж, дараа өвөл нь цас их унах байгалийн үзэгдлийг ЗУД гэдэг. Өмнө нь зуд арван жилд нэг, хоёр удаа л болдог байжээ. Ганзориг энэ талаар хэлэхдээ “Сүүлийн үед бараг жил бүр л зуд болж байна” гэв. Түүний дурдсанаар 2019, 2020, 2021, 2022 онуудад зуд болжээ. Зундаа бороо орохгүй өвсгүй болчихоор мал өвлийг давахад хүнд болдог байна. Бороо орсон ч хүчтэй орсноор газрын өнгөн хэсэгт чийг өгөөд урсчихдаг аж. Мөндөр, шороон шуурга зэрэг бусад цаг агаарын үзэгдлүүд ч ойр давтамжтай болдог болжээ.

Малчдад дэмжлэг үзүүлдэг Хүүхдийн сангийн орон нутаг дахь төлөөлөгч Л.Баян-Алтай “Байгаль, цаг уурын нөхцөл байдал одоо өөрчлөгдсөн. Бодлого боловсруулагчид яаралтай арга хэмжээ авахгүй бол нүүдэлчдийн амьдрал сүйрч, манай үндэсний ялгарал устах болно” гэлээ.

 Ганзоригийн гэрээ барьсан газрын хөрс элсэрхэг, өвс нь сийрэг, хуурай хэврэг харагдана.

Dust, hail and bank loans: the Mongolian herders facing life without grass  | Global development | The Guardian

Хэдэн бээрийн цаана ач нартайгаа ямаагаа хотлуулах Ганзоригийн саахалт айлын Н.Жамба ч түүнийг залууд амьдрал өөр байсныг тодотгов. “Сүүлийн арван жилд өвсний гарц муудсан. Намайг жаахан охин байхад эцэг эх маань өвсөн дундаас олдоггүй байлаа. Тийм өндөр ургадаг байсан хэрэг. Зун чинь бороо хур элбэг. Зэрлэг цэцэгс хаа сайгүй ургадаг байв. Гэвч сүүлийн 10 жилд өвсний гарц ч муудсан” хэмээн эдүгээ 68 настай Н.Жамба хуучиллаа. Олон малчны нэгэн адил Жамбынх ч өр тавьж, өвс авчээ.

Өнгөрсөн өвөл тэднийх нийтдээ 13 сая төгрөг буюу бараг 3000 фунт стирленгийг өвс авахад зориулсан байна. Тэд хавар хурга, ишгээ зарж өрөө төлнө гэж бодсон ч, тэжээлийн дутагдалд орсоноос онд орсон нь цөөхөн. Одоо хуучин өрөө төлөхийн тулд дахин шинээр зээл авахаар ярилцаж байна. “Сүлжээ шиг л. Бидний бүтээгдэхүүн өрөө дарж хүрдэггүй” гэж Н.Жамба хэллээ.

Dust, hail and bank loans: the Mongolian herders facing life without grass  | Global development | The Guardian

Эцэг эхийнхээ туулж буй бэрхшээлийг харсан цөөнгүй залуус тэдний замаар явахыг хүсдэггүй. Сант сумын дунд сургуульд сурдаг 15 настай Э.Ширнэнтуяа “Цаг агаар хүнд болохоор малчин болох хэцүү” гэв. Сурагчдын ихэнх нь багш, цагдаа, эмч болохыг хүсдэг. Малчин биш. Уур амьсгалын өөрчлөлт тэдэнд тулгарч буй ганц бэрхшээл биш. 1990-ээд онд ЗХУ задарснаас хойш бэлчээрийн даац хэтэрсэн нь хамгийн том сорилт болж байна.

Коммунист дэглэмийн үед мал аж ахуйг төр хариуцдаг байсан. Малчин цөөн тооны мал өмчлөх боломжтой бол Засгийн газрын хоршоод ихэнх малыг өсгөдөг байв. Төмөр хөшиг унах үед энэ байдал өөрчлөгдсөн. Хувийн өмчтэй байхыг хориглосон хязгаарлалт цуцлагдсан. Малын татвар, бэлчээрийг зохицуулах хууль ч мөн адил үгүй болсон. Үүний улмаас мал сүргийн тоо толгой 20 саяаас 2022 оны байдлаар 71 сая болж даруй гурав дахин өсчээ. Цөлжилт нь олон тооны мал багахан газарт бэлчээрлэж байгаагаас үүдэлтэй.  

Нөгөөтэйгээр Хятадын өсөн нэмэгдэж буй дундаж давхаргын эрэлтээс шалтгаалж ноолуурын дэлхийн зах зээл дэх үнэ өссөн байна.  Улмаар малчид ямааг олноор худалдан авч, өсгөж үржүүлэх болжээ. Ямаа нь ургамлын үндэс, үрээр хооллодог зуршилтай учир хонь, үхэрнээс илүү бэлчээрт хор хохирол учруулдаг байна. Н.Жамбын хэлж буйгаар малчдын орлогын 80 хувийг ямааны ноолуур бүрдүүлэх бөгөөд олон ямаа өсгөх тусам орлого нь нэмэгдэнэ. Тэрбээр “Үүнээс өөр аргагүй. Маханд найдалтгүй” гэв.

Dust, hail and bank loans: the Mongolian herders facing life without grass  | Global development | The Guardian

Хотын чинээлэг гэр бүл, бизнес эрхлэгчид мал аж ахуйд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, малын тоо толгойгоо нэмэгдүүлэх болсон нь байдлыг улам дордуулах болжээ. Малчдын 80 орчим хувь нь 500 хүрэхгүй толгой малтай бөгөөд тэдний мал улсын нийт сүргийн 45 хувийг бүрдүүлдэг. Харин чинээлэг малчдын 20 хувь үлдсэн 55 хувийг эзэмшдэг байна. 

“Талын туурай” малчдыг дэмжих байгууллагын захирал О.Нямтайван “Миний бодлоор Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна. Бид цаг агаарыг хянаж чадахгүй ч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг арилгах бодлого хэрэгжүүлэх боломжтой” хэмээв. Хамгийн гол нь Монголд бэлчээрийн менежментийн тухай хууль дутагдаж байна. Энэ талаар хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан бөгөөд хамгийн сүүлийнхийг нь удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа аж. Зохицуулалт мэдээж малчдад таалагдахгүй. УИХ-ын гишүүд саналаа алдахаас айж, шийдвэр гаргаж чаддаггүй. 

“УИХ-ын гишүүдийн хувьд энэ бол том асуудал. Малчид хүчтэй дуу хоолойтой. Бүгд нэгдээд дуугархад тэднийг хэн ч дийлэхгүй” гэж Бэлчээр ашиглагчдын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Бурмаа хэлэв. Одоо бол малчид малаа хүссэн газраа маллах боломжтой. Харин шинэ хууль тогтоомж гарсанаар малчид зөвхөн нутагтаа малаа бэлчээрлүүлэх бөгөөд өөр сум, суурин руу оторлохыг хориглох юм. Талын туурай болон БАҮНХ-ны аль аль нь малын тоо толгойг бууруулж, хиймэл үржүүлэг гэх мэт орчин үеийн мал эмнэлгийн арга барилыг ашиглан малын ашиг шимийг нэмэгдүүлэхийг дэмждэг аж. Ингэснээр малчдын орлого буурахгүй гэж Бурмаа хэлэв.

Тэрбээр мөн  “Малчид бүгд л бэлчээрийн доройтол асуудал болж, ямар нэг зүйл хийх шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ чухам юу хийх вэ гэдэгт санал зөрөлдөөнтэй байдаг” хэмээн нэмж хэллээ.  

...Манайх 40 адуу, 40 үхэр, 350 орчим богтой байсан ч зуднаар бүгдийг алдсан...

Dust, hail and bank loans: the Mongolian herders facing life without grass  | Global development | The Guardian

Харин нөгөө талд нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц, орон сууцны хорооллууд, ЗХУ-ын үед баригдсан нурж унах шахсан хуучны барилгуудтай замын түгжрэлд автсан Улаанбаатар руу асар олон хүн шилжин ирж байна. Тэдний ихэнх нь хотын захын ариун цэврийн шаардлага хангахгүй гэр хороололд нүүн ирж, гэрээ барин амьдрах бөгөөд дулаацахын тулд нүүрс түлдэг. Яндангаас гарсан утаа нь Улаанбаатарыг тойрсон уулсын дунд тогтож, өтгөн утаан манан үүсгэх ба үүний улмаас тус хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлүүдийн тоонд ордог хэрэг.

Баян-Алтай “Орон нутгаас амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой олон хүн шилжин ирдэг. Энэ нь эргээд нийгмийн тэгш бус байдлыг бий болгож байна. Тэд төрийн аливаа үйлчилгээнд хамрагдах боломж хомс. Зарим ажил олгогчид тэдний хөдөлмөрийг мөлждөг” гэж хэлэв. Ө.Бартбаатар 2010 онд хотод шилжин иржээ. Тэр жил айхтар зуд болж, улс даяар найман сая мал устсан нь Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийн давалгааг үүсгэсэн юм. Эдүгээ 43 настай Бартбаатар “Манайх 40 адуу, 40 үхэр, 350 орчим богтой байсан. Зуднаар бүгдийг нь алдсан” гэж ярив.

Тэрбээр Улаанбаатарт ирсэнээс хойш хамгаалагч, туслах ажилтан, өргөгч машины жолооч гэх мэт олдсон бүх л ажлыг хийж иржээ.  Энэ жилийн наймдугаар сард болсон үерээр гэр нь урссан тул Хүүхдийг ивээх сангаас тэднийд шинэ гэр өгсөн байна. 

“Өвөл агаарын бохирдол л хэцүү. Шөнө уушгиар хүчтэй өвдөж, хар цэр гардаг” гэж Бартбаатар хэлэв.

Бусад олон хүмүүсийн нэгэн адил Бартбаатар хэсэгхэн хугацаанд хотод амьдарч, мөнгө олж, амьдарлаа дахин босгоно гэж төлөвлөсөн  ч, хуримтлал үүсгэж чадаагүй байна. Одоо бол хүүхдүүдийнхээ сургуультай ойр байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт задгай тал нутагт, цэнгэг агаартаа буцан очих бүдэг бадагхан мөрөөдөлтэй ч, тэр яах ёстойгоо мэдэхгүй. Тэрбээр “Миний амьдарч байсан нутагт цөөхөн малчин үлдсэн. Бүгд л хот руу нүүж байна” гэв.

Эх сурвалж: Фред Хартер, www.theguardian.com