ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дөлгөөн: Томуугийн тархалт эхлэхээс сарын өмнө вакцин хийлгэх нь чухал

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-30

Улирлын томуугийн тархалт, урьдчилан сэргийлэх вакцинтай холбоотой зарим зүйлийг ХӨСҮТ-ийн Халдвартын их эмч Б.Дөлгөөнөөс тодрууллаа.

- Томуу, томуу төст өвчний тархалт одоогоор ямар байгаа вэ. Урьдчилан сэргийлэх вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улирлын томуугийн тархалт аравдугаар сараас дараа оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Ид оргил үе нь 1-3 сар хүртэл. Энэ үед 0-4 насны хүүхэд болон 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс хүндэвтэр болон хүнд хэлбэрээр тусдаг. Эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сул, буруу эмчилгээний тактикаас хамаараад өвчин ид явцдаа хүндэрч, уушгины хатгалгаа болох асуудал гарна.

Томуугийн дэгдэлтийн ид үед эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсч, орны хүрэлцээ багасч эмч нарын ачаалал нэмэгддэг. Зөвхөн нэг хоногт 100-200 хүүхэд ирэх тохиолдол ч бий. Зарим нь эмчилгээ аваад буцна, зарим нь хэвтэнэ. Үүнээс томуугийн вакцин л хамгаална. Энэ жил томуугийн 4 цэнт вакцин хийгдэж байгаа. 6 сараас дээш бүх насныхан хийлгэх боломжтой. Вакцин хийлгэснээр хэдий томуу туссан ч, хөнгөн тусах магадлалтай болж байгаа юм. Одоогоор Интермэд зэрэг хувийн эмнэлгүүдэд 65000 төгрөгөөр хийж байгаа юм билээ.

- Вакцин хийлгэснээр гарах сөрөг нөлөө бий юу. Хэдий хугацааны дараа дархлаа тогтдог вэ?

- Вакцинд сөрөг нөлөө байхгүй. Анхаарах зүйл нь, улирлын томуу эхэлсэн, аль хэдийнэ томуугийн шинж тэмдэг илэрчихсэн үед ач холбогдол нь буурдаг. Тиймээс аль болох улирлын томуугийн тархалт эхлэхээс урьтаж хийлгэх нь чухал. Тухайн вакцинд амьд вирус байгаа. Вирус биед орсоноос хойш 21-28 хоногийн дараа дархлаа тогтдог учраас дор хаяж сарын өмнө хийлгэх нь чухал.

- ХӨСҮТ-д томуугийн вакцин хэзээ хийж эхлэх вэ?

- ХӨСҮТ-д ерөнхийдөө аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг.

- Вакцинжуулалтад хамрагдахаас өөрөөр томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Олон нийтийн газраар явахгүй байх, маск тогтмол зүүх, сургууль цэцэрлэгийн хүүхдийнхээ дархлааг дэмжих, амьдралын хэв маягаа өөрчлөх, зөв цагт унтах, амаар уух шингэнийг нэмэх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх гэх мэтээр дархлаагаа дэмжиж урьдчилан сэргийлэх боломжтой.

- Эмчилгээний буруу тактикийн улмаас томуу, томуу төст өвчнийг хүндрүүлдэг талаар та дурьдсан. Эцэг эхчүүд нэг нэгнийхээ ам дамжсан яриагаар хүүхдээ эмчлэх оролдлого хийх тохиолдол байдаг. Энэ талаар?

- Эцэг эхчүүд фэйсбүүк группуудэд нийтлэгдсэн нэгнийхээ постын дагуу хүүхдээ эмчлэх гээд байдаг. Нэг нь “Манай хүүхэд ханиад хүрээд энэ эмийг уугаад эдгэлээ” гэж бичихэд бусад нь “Хаанаас наад эмээ авсан бэ, өдөрт хэдэн удаа уулгах вэ” гэх мэтээр асуусан байдаг. Тухайн постны эзний хүүхэд тэр эмийг нь уугаад эдгэсэн байж болно. Гэвч, бусдынх нь хүүхэд яг тэр эмчилгээгээр эдгэнэ гэж бодох нь өрөөсгөл. Тухайн хүүхдийг эмч үзэж, биеийн байдлыг нь үнэлж байж, зөв эмчилгээ явна. Хүүхэд бүрийн биеийн байдал өөр, амьсгал нь ширүүссэн, эсвэл бүр эсрэгээр суларсан ч байж болно шүү дээ. Нэгнийхээ ам дамжсан яриагаар янз бүрийн эм хэрэглэснээс болоод эдгэсэн ч биш, эдгээгүй ч биш явсаар улирал дамнаад хүүхдээ бүр хүндрүүлчихдэг.

-COVID19-ийн тархалт ямар байгаа вэ. ХӨСҮТ-д хэчнээн хүн эмчлүүлж байна вэ?

-COVID-ын тасгаар өдөрт 4-6 хүн үйлчлүүлж байна. Жирэмсэн болон бага насны хүүхэд, хавсарсан өвчтэй өндөр настан гэх мэт эрсдэлт бүлгээ нарийвчлан авч үзэж, шаардлагатай хүмүүсээ хэвтүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 23-25 орчим өвчтөн COVID-оор эмчлүүлж байна. Ер нь бол COVID19 Монгол Улсад байсаар байгаа.