ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө

O.Admin
2023-08-13

Монгол Улсын Засгийн газраас 8 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл, сургалт өндөрлөж, “Оюутан цэрэг”-үүд эр цэргийн тангаргаа өргөлөө.

ҮБХИС-ийн Шар хад дахь хээрийн Сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан нар болон их, дээд сургуулиудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, оюутан цэргүүдийн гэр бүлийнхэн оролцлоо.

“Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд явагдсан 8 удаагийн сургалтад хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7000 гаруй оюутан, суралцагсад хамрагдаж, тэдгээр залуус өнөөдөр улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд гар бие оролцон үлгэрлэн манлайлж суралцаж, ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Иргэнийхээ журамт үүргийг биелүүлж байгаа оюутан цэргүүдэд баяр хүргэе. Та бүхэн цэргийн тангараг өргөснөөр эх орон дуудсан цагт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурыг бүрэн биелүүлдэг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн алба хаагч, эх орны цэрэг боллоо. Цэргийн тангараг бол эх орондоо үзүүлж буй гүн хүндэтгэл юм” хэмээв.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан-цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн заасан нь энэ жил биеллээ олж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагсдын тоог анх удаа 1500 болгон нэмэгдүүлсэн юм. Өнөөдөр нийслэл болон 5 аймагт байрлах Сургалтын төвүүдэд оюутан цэргүүд нэгэн зэрэг “Цэргийн тангараг”-аа өргөлөө.

Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.