ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ази тивдээ анхны хүүхдийн байцаагчтай, гэвч...

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-22

Өнгөрсөн хавар Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95  жилийн ой болж, Гэр бүл  хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар сүржин нэр бүхий даржин агуулгатай мэндчилгээ дэвшүүлж байсныг тунчиг тодхон санаж байна. Эрхэм даргын мэндчилгээтэй зэрэгцэн цоожтой хаалганы цаана олон хүүхэд бие махбодийн болон  бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай зүрх шимшрэм хэргүүд мэдээллийн хэрэгслээр  хөвөрч байсныг ч бас яаж мартах билээ. Тэндээс хойш ердөө сар хүрэхгүй хугацааны дараа л Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм, бид. Гэсэн ч хүүхдүүд архичин, хүчирхийлэгчийн гарт нухлагдан,  тэдний золиос болсоор л...

Өчигдөрхөн есөн настай охин хойд эцэгтээ зодуулж, нэг халуун амь хорвоог  орхилоо. Харин нэг бяцхан зүрх хүчирхийлэлд өртөж, насан туршдаа сэтгэлийн гүн шархтай үлдлээ. Хойд эцэгтээ удаа дараа зодуулж байсныг төрсөн эх нь анзаараагүй, хорооны ажилтнууд нь мэдээгүй. Харин хүчирхийлэгчийг хөгжлийн бэрхшээлтэй 12 настай эгч нь илчилж байх ажээ. Нийгэм ч тэр чигээрээ дахиад л шэйрлэж, бичиж, хөндөж эхэллээ. Ингэхтэй зэрэгцэн Гэр бүл  хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр  мэдээлэл хийхдээ, удаа дараа хүчирхийлэлд  өртөж байсан  эсэхийг  нь  шалгана, тогтооно гэв. Хүүхэд  хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй гэлээ. Яагаад хүүхдийг хүчирхийлэлд өртөж, амь тасарсны дараа шалгаж тогтооно гэж, ГБХЗХГ-ынхаан. Яагаад хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг  илэрвэл мэдээлэх үүрэгтэй гэж. Хороонд иргэдийн судалгаа, мэдээлэл,  эрсдэлтэй бүлгийн бүртгэл байдаггүй хэрэг үү. Хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй, гэр орондоо архичид цуглуулж архиддаг, ёс бус үг үйлдэл хийдэг айлуудаа хорооны дарга, нийгмийн  ажилтнууд, хэсгийн цагдаа нар  нь  мэдэх л  ёстой биз дээ.

Сонгууль болохоор нэг, нам нэр дэвшигчийн өмнөөс иргэдээ долоох шахам айлуудаар гүйдэг, нэг айлд хэдэн сонгогч байгаа, тэдний хэд нь аль намыг дэмждэг вэ гэдгийг ч баруун, зүүнгүй мэддэг хорооны нийгмийн ажилтнууд бусад цагт яагаад эрсдэлтэй айл, өрхүүдээр тандалт хийчихэж болдоггүй юм бэ. Хорооны нийгмийн ажилтан нэртэй намын шахаасны, тэтгэвэрт гарсан хэдэн эгч нар шилэн хаалтны цаана, хоргон доторх үзмэр шиг сууж байдаг нь худлаа биш. Тэд ажлаа хийсэн шиг хийчихсэн бол охин өнөөдөр амьд байх байлаа.  

Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ч гэсэн дүүрэг бүрт байгаа салбаруудаа ажиллуулмаар байх юм. Гэтэл УИХ-ын гишүүний тэтгэвэрт гарчихсан эгч нь тэр салбарыг нь удирдаж, жирэмсэн ажилтнаа ажлаас халж, залуу үеийнхнээ дарамталж суусан жишээ ч хуучраагүй байна шүү. Энэ бол баримттай асуудал. Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст энэ мэт улстөрчийн, дарга цэргийн сонгуульд ажилласан шахааны залуус, эсвэл тэтгэвэрт гарсан эгч, ээж, ах дүү нар нь ажилладаг учраас л энэ улсад хүүхэд хамгаалал уландаа гишгэгдэж, ниргэсэн хойно нь хашгирах гэсэн зарчмаар ажил яваад байгаа юм.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын өнөөдрийн мэдээлэл бол шууд арьсаа хамгаалсан үйлдэл байлаа. Асуудал дэгдэхтэй зэрэгцэн гарч ирж “Бид ажил хийж байгаа. Ийм зүйл хийгээд байна. Ингэж шалгаж байна, тэгж явсан” хэмээн биеэ өмгөөлчихөөд л алга болно.

Уг нь энэ газарт ажил хийдэг сэтгэлтэй хүн байдаг бол хэвлэл мэдээллээр олон янзын мэдээлэл яваад байна лээ, түүнийг нь шалгаж тогтооно гэж мэдэгдэл хийж өөрсдийгөө өмөөрч суух бус хэдэн удаа гэмтсэн юм, хэн гэмтээсэн юм, хүүхэд үнэхээр хүчирхийлэлд байсан уу, хөгжлийн бэрхшээлтэй охин нь гэмтэл авсан уу, аваагүй юу, ээж яагаад ийм зүйл ярив, дарамтад байна уу, энэ айлд юу болов гэдгийг урьдчилж мэдээд, эсвэл хэвлэл мэдээллээс өмнө олж мэдчихээд сууж байх ёстойсон. “Шалгаж байна, нягталж байна” гэдэг үг чинь та нарын бус харин цагдаа нарын өгдөг жижүүрийн хариулт. Гэтэл хүүхдийн төлөө ажиллана гэж төсвөөс мөнгө авдаг, 95 жилийн түүхтэй энэ газар гоё мэндчилгээ явуулдаг шигээ "гоё" ажилламаар байх юм. Хөгжлийн газар гэсэн дэндүү гоё нэртэй ч хөгжүүлж чадахгүй юм гэхэд хүүхдээ хамгаалж болох уу. 

Хүүхдийн эрхийн тухай хуульд Хүүхдийн эрхийн байцаагчтай байх асуудлыг хуульчилж, “Ази тивдээ анх удаа хүүхдийн эрхийн байцаагчтай боллоо” хэмээн ХНХ-ын сайн асан С.Чинзориг зарлаж байлаа. Тэдний үндсэн үүрэг нь хорооны нийгмийн  ажилтан  албан  хаагчдын  мэдээлэлд  үндэслэн хаана ч байцаагчийнхаа үнэмлэхийг үзүүлээд, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авах юм гэнэ билээ.

Угтаа иргэд татвар, гаалийн байцаагчаас айдаг шиг хүүхдийнхээ байцаагчаас айх учиртай. Тэр хүн айл бүрийн асуудлыг мэддэг, хүүхдийн эрх зөрчигдсөн даруйд очдог байх ёстой. Эрх нь зөрчигдсөн тохиолдолд эцэг, эх, багштай нь уулзаж үүрэг хариуцлагыг ойлгуулдаг,  урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэнэ лээ. Гэвч өнөөдөр хэн нь ч ажлаа дорвитой хийхгүй байгаагаас олон арван  хүүхэд эрүүл мэнд,  амь насаараа хохирсоор байх ажээ.

Харин бид хэсэг зуур бичиж хөндөж, нэг хэсэг нь соошлоор шогширч, ТББ-ын хэсэг бүлэг нь тодрох гэж оролдож, хэн нэгнийг буруутгаж загнаад л өнгөрдөг. Харин хүүхдийн хүчирхийлэл буурсангүй. Цаана нь бяцхан үрс төрсөн болон хойд эцэг, эхийнхээ гарт амиа алдаж, хүчирхийлүүлсээр. Энд сэтгүүлчийг, эсвэл мэдээллийн сайтыг буруутгах шаардлагагүй. Бид зөвхөн мэдээлэх үүрэгтэй. Төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэхийн тулд дамжуулдаг, асуудлыг хөнддөг, сурвалжилдаг. Бодит байдлыг хэдэн талаас нь шүүрддэг. Энэ үүргээ сэтгүүлчид хангалттай биелүүлж байна. Харин сонгууль болохоор гарч ирдэг хорооны нийгмийн ажилтнууд, хүүхэд хүчирхийлэлд өртөхөд хэвлэлийн өмнө гарч ирдэг хүүхдийн байгууллагынхан асуудалд ийм хойрго хандмааргүй. Барууны киноноос бид халамжийн хэлтсийн ажилтны нийтлэг төрхийг хангалттай л харж байгаа. Халамжийн ажилтан гэрт нь ирлээ гэдэг бол хаан ирэхээс ч айхтар асуудал. Үр хүүхдийнх нь эрх ашиг зөрчигдсөн эсэхийг шалгаж буй тэр хүн эцэг, эх байх эрхийг нь ч хасч чадах эрхтэй учраас хүн бүхэн айдаг, эмээдэг.

Гэтэл манайд эсрэгээрээ. Улстөрчийн шахаасны нэг тэтгэврийн даргатай хэсэг бүлэг төсвийн мөнгөөр цалин авч, төрийн ажил хийсэн нэр зүүж суусаар ажлын цагаа дуусгаж байна. Англи улсад бөгсөнд нь гарсан хөх толбоны төлөө л цэцэрлэгийн багш, цагдаа, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, эмч нь зэрэг суугаад байцаалт авч байсан талаар нэгэн бүсгүй нүүр номондоо бичсэн байна билээ. Нэг хүүхэд ч нийгмийн үнэт зүйл гэдгийг энэ үйлдэл харуулж байгаа биз.

Гэтэл манайд өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал зөвхөн эмэгтэй улстөрчдийн эсвэл ТББ-ын ажилтнуудынх мэтээр ойлгож, ханддаг. Хуульчид ч дуу нэгтэй дуугарч чаддаггүй. Харин улс төрийн эрх ашигтай асуудалд тэд бүр холбоо болчихсон тэмцэж явдаг жишээ олон бий шүү. Асуудал үүсэхэд бүгд үсэрч гарч ирэн хэвлэлийн хурал зарлаж, арьсаа хамгаалцгаах нь дэндүү өрөвдөлтэй. Монгол Улс Ази тивдээ ганцхан хүүхдийн байцаагчтай, гэвч...