ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхшүр: Талийгаач охин хүчирхийлэлд өртөж, зодуулж байсан эсэхийг тодруулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-21

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 9 настай охин бусдад зодуулсан байж болзошгүй нөхцөл байдалтай амиа алдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн талаарх мэдээллийг бид өнөөдөр өглөө хүргэсэн билээ.

Тэгвэл охиныг хойд эцэг нь болох 36 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч этгээд хөнөөсөн байж болзошгүй байгаа юм. Охин өмнө нь хэд, хэдэн удаа хүчирхийлэлд өртсөн байдалтай эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл зарим сайтад гарсан ч төрсөн ээж нь гэх эмэгтэй энэ мэдээллийг үгүйсгэжээ. Мөн “Намайг байхад тийм зүйл болж байгаагүй. Манай охин юм мөргөөд духаа хөхрүүлчихсэн гэж хэлсэн.

Тэрнээс биш манай хүн хүүхэд зодоод байдаггүй. Бас намайг зодож байгаагүй. Би бие муутай, даралт ихтэй хүн. Хэрэг гардаг өдөр гэртээ байсан ч зодсон гэдгийг мэдээгүй” гэх мэтээр ярьжээ. Угтаа хойд эцэг нь болох 36 настай этгээд төрсөн охиных нь аминд хүрсэн байж магадгүй байхад  архи уудаггүй, гар хүрч байгаагүй гэх мэтээр хамгаалсан зүйл ярьж байгаа нь энэ гэр бүл тухайн этгээдийн хүчирхийлэл, дарамтад байж магадгүй байгаа учраас энэ асуудлыг цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байгаа аж.

Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр “Хэргийн тухай дуудлага мэдээлэл өглөөний 05.00 цагт ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүрэг буюу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар ажилласан. Хэргийг үйлдсэн байж болзошгүй, талийгаач охины хойд эцэг гэх 36 настай Б гэгчийг баривчлан саатууллаа. Цагдаагийн байгууллагаас хүүхдээ хайрлая, хамгаалъя гэсэн аяныг маш олон удаа, шат дараатай хийдэг.

Гэтэл хүчирхийллийг өөгшүүлдэг, хүлээн зөвшөөрдөг, ямар нэг байдлаар цаг хугацаа зарсан асуудал болж магадгүй гэж нуудаг асуудал иргэдэд их байна. Тиймээс хүүхэд ямар нэг байдлаар шарх сорвитой байвал эцэг эхчүүд, сургууль цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан ч анхаарч, асууж тодруулах ёстой юм. Охин ямар нэг байдлаар өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар шалгалт явуулна. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг ч шалгана. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. 14 хоногийн дараа гарна” гэлээ. Гэмт этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон бөгөөд өмнө өдөр нь ч уусан гэдгийг эхнэр нь “ergelt.mn” сайтад өгсөн нэрээ нууцалсан яриандаа дурьджээ. Талийгаач охин ЕБС-ийн 79 дүгээр сургуулиас 84 дүгээр сургуульд шилжиж ирээд удаагүй байсан бөгөөд эгч, дүү, ээж, хойд эцгийн хамт амьдардаг байсан аж.