ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвгөн агрономичийн тариан талбайд өнгөрүүлсэн 40 жил

O.Admin
2018-05-02

Хаврын сар адгарч зуны сар хаяанд ирсэн энэ өдөр тариалангийн талбайд насаа элээсэн өвгөн тариаланчтай уулзахаар өмнө нь үзэж, хараагүй Төв аймгийн Борнуур сумыг зорилоо. Эндхийн хавар сайхан байна. Уул ус, хад цохион дунд төрж өссөн надад араараа модтой, өврөөрөө хадтай, дундуураа нарийхан горхитой чийглэг, намаглаг энэ нутаг цаанаа л танил дотно санагдах ажээ. Б.Гунанбат гуайнх Дуган хадны энгэрт хаваржиж байна. Тариаланчийн гэрт төрж, тариаланчийн амьдралаар амьдарч өдгөө өвгөн буурал болсон энэ эрхэм газар тариалангийн салбарт 40 жил агрономич хийжээ. Найман настайгаасаа л эцгийгээ даган “бух” татаж, өвдгөө шалбалж эхэлсэн тэрбээр өдгөө 80 нас хүрсэн ч тариалангийн талбайгаасаа хөндийрөөгүй байна. Одоо ч гэсэн түүнээс заавар, зөвлөгөө авах гэсэн залуу тариаланч, агрономичдын хөл тэднийхээр татардаггүй гэнэ. Өдгөө ная шүргэсэн гэмээргүй шаламгай хөдөлж, намбалаг, тайвуу ярих зуураа үе үе инээмсэглэх энэ буурай 1939 онд 16 дүүгийн том ах, тариаланч Балдангийн ууган хүү болж мэндэлсэн байна. Түүний хүүхэд нас тариан талбай, буудайн тээрмийн дунд өнгөрсөн гэдэг. Тариаланч айлын хүү болоод ч тэр үү, багаасаа л газар тариалангийн хүн болно гэж мөрөөдсөн тэрбээр аравдугаар ангиа төгсөөд ХААИС-ийн агрономичийн ангид элсэн оржээ. Тариа найгах шаргал талаар, тариаланч болох мөрөөдөл тээн дэгдэж асан жаал хүүгийн мөрөөдөл ийнхүү биеллээ олох замдаа орсон аж. Эх газарт дурласан их ажлынх нь гараа 1964 онд Монгол Улсын ууган Сангийн аж ахуй болох Жаргалантад агрономичоор очсоноор эхэлсэн байна. Энэ тухай тэрбээр “Сургуулиа төгссөн орой “банкет” хийгээд л маргааш нь яамнаас томилолтоо аваад агрономичийн ажлаа эхэлж байлаа” хэмээн цал буурал болтлоо зүтгэсэн ажлынхаа анхны гарааг уяран дурсана. Алтран найгах тариалангийн талбайд түүний хүсэл мөрөөдөл, залуу нас, алдаа оноо, амьдралынх нь жаргалтай, гунигтай өдөр бүхэн нь үлджээ.

Жаргалантын САА-д будаг нь ханхалсан шинэхэн, залуу агрономич 45 мянган га талбайд таван тасаг, 22 бригад, 113 комбайн удирдаж явсан гэрэлт өдрүүдээ өвгөн тариаланч уяран дурсах дуртай аж. Тэрбээр Сүүл бугын хөндийд 800 га газар хагалж улирал дамнан хөдөлмөрлөснийхөө хүчинд 5000 тонн улаанбуудай хураан авч, тухайн үед 15 сая төгрөгийн уртын зээлд унаад байсан САА-н нийт өрийн 1/3-ийг дарж байсан гавьяатай нэгэн аж. Тэрбээр ид халгиж явах оюутан үедээ гэргийтэйгээ танилцаж, 1962 онд гэр бүл болж, хоёр охин гурван хүүгийн аав, ээж болцгоосон байна. Хориодхон настай дэврүүн хоёр оюутан амьдралаа холбосон цагаас хойш өдгөө бүтэн нэгэн жарныг өнгөрүүлж, цал буурал болтлоо жаргал зовлонгоо хуваалцаж сууна.

Б.Гунанбат гуай 40 жил агрономичоор ажиллахдаа 10 хол давсан шинэ санаачилга, тэргүүн туршлагыг нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Түүний гаргасан “Уриншийг хавж хагалах технологи”-ийг одоо ч газар тариалангийн салбарт хэрэглэсээр байгаа аж. Б.Гунанбат гуай агрономийнхоо нарийн ширийн их ажлын хажуугаар ногоочидтойгоо мөр зэрэгцэн хомоол, бууц цуглуулахаас эхлээд комбайн, трактор жолоодон тариан талбайдаа шижигнүүлж явсан гүндүүгүй агрономич байжээ. Агрономич хийж явсан түүх, дурсамжаасаа ярихдаа том улаан хавтастай зузаан дэвтэр үзүүлэв. Энэ бол түүний 40 жилийн агрономийн ажил, дурсамж дурдатгалаа хадгалсан дэвтэр нь ажээ. Өвгөн тариаланчийн хэчнээн чамбай хүн бэ гэдэг нь үүнээс л илхэн харагдана. Ажлын гараагаа эхэлж асан тэртээ өдрөөс эхлэн хийсэн ажил, олсон санаа бүгдээ он дараалан тэмдэглэн хавтасласан нь түүний уг чанарыг харуулах аж. Хийсэн ажил, хүлээсэн үүрэгтээ эзэн байж, газар тариалангийн салбарт насаараа ажиллахдаа алдаа эндэгдэл гаргаагүй бахдам түүх нь ч үүнтэй л холбоотой болов уу гэмээр. Тэртээх он жилүүдэд гаргасан ажлын төлөвлөгөө, арга барилыг өчигдөрхөн юм шиг ой ухаандаа нэг бүрчлэн хадгалсан байгаа нь түүнийг ямархан агрономич байсан бэ гэдгийг харуулна. Туулж өнгөрүүлсэн амьдрал, тариан талбайдаа үлдсэн дурсамжаа ярих зуур үе үе цээжээрээ үл мэдэг ханхалзах нь үлдээсэн мөр, туулсан амьдралдаа бахдал дүүрэн байна даа гэмээр.

Атрын аян, тариан талбай, ногоочин нөхдөө дурсан, туулсан амьдралаа бахдан суух энэ эрхмийг хараад цагаан атаархал төрж суусныг нуух юун. Энэ өвгөн тариаланч орчлонд ирээд хүний дээдээр амьдарсан хүн юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Ерөөс амьдралын утга учир гэдэг энэ юм шиг... Насны оргилд хүрчихээд үлдээсэн мөрөөрөө бахархаж чадахаар амьдарна гэдэг хэчнээн гайхамшигтай вэ. Түүний нандигнан хадгалдаг бас нэгэн дурсгал бол гэрийнхээ хойморт өлгөсөн цаг уурын барометр юм. Энэ л багажийн тусламжтайгаар цаг агаарын байдлыг урьдчилан мэдэж, ургацын алдагдал гаргалгүй ажиллаж ирсэн нь энэ ажээ. Хайртай барометрээ тэрбээр тэр үеийн Целиненград одоогийн Казахстан улсын Астана хотод мэргэжил дээшлүүлж явах үедээ авсан хэмээн дурсан ярина.

Б.Гунанбат гуай ХААИС-ийг дүүргэснээсээ хойш Орос улсад хоёр удаа мэргэжил дээшлүүлж, тэр үеийн “Намын дээд сургууль”-д суралцан төгссөн байна. Төр засгийн даалгавраар тэр Хэнтий аймгийн ХАА-н удирдах газрын даргаар гурван жил ажиллаж төр түшилцэж явсан байна. Энэ тухайгаа эргэн дурсахдаа, “Төр засгийн даалгавар юм, гурван жил ажилласан. Гэхдээ даргын ажил гэдэг миний хийх ажил биш юм билээ. Сурсан дассан тариалангийн талбайдаа очмоор санагдаад болохгүй болохоор нь үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд САА-даа хүрээд ирсэн дээ” хэмээн ярина. Тэрбээр Төв аймгийн Жаргалант, Угтаал, Батсүмбэр, Борнуур гэхчлэн газар тариалангийн бүс нутгуудад Атрын 1, 2, 3 дугаар аянд эхнээс нь дуустал нь зүтгэсэн буурал түүхийн гэрч. Насаараа агрономич хийж, нэг ч удаа тариа, буудай алдаж байгаагүй өвгөн агрономич газар тариалангийн салбарт агрономи дутагдаад байгааг ч хэлэв. Газар тариалан эрхэлж байгаа одоогийн компаниуд намар намарт ургац алдаад байгаа нь ган, гачиг гэхээсээ илүү агрономичгүйгээс үүдэж байгааг ч учирлав. Эх газартайгаа нэгэн насны амьдралаа холбож, түүний үр шимийг тордон ургуулж өнөөдрийг хүрсэн түүний зам энгийн мөртлөө эгэлгүй сайхан аж.

Өвгөн агрономич том улаан дэвтэртэйгээ өнгөрсөн он жилүүдийг өмнө минь дэлгэхийг харж суухдаа түүнийг би тариалангийнхаа талбайд болц гүйцсэн тариан толгой ширтэн зогсоогоор төсөөлөн байв. Тэр бол шаргалтан найгах их талын дээгүүр 40 жил дүүлэн нисч, өдгөө ч өндрөө авсаар байгаа өвгөн шувуу... өвгөн агрономич. Түүний тарьсан үр бүхэн үеийн үед цэцэглэсээр, амьдарсаар байх биз ээ. Ихээс их ажлыг амжуулж, эглээс эгэл амьдарсан Б.Гунанбат гуайнд түр саатсан тэмдэглэл маань энэ.