ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгос ээжүүд “Happy Mom” хандивын худалдаа зохион байгуулж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-13

"Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр 44 дэх жилдээ үүд хаалгаа нээлээ. Энэ сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэн яармагийг МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулахад чиглэж буй аж.

Уг үзэсгэлэн яармагт ОХУ, БНХАУ, БНСУ, Беларусь зэрэг гадны хэд хэдэн орны бизнес эрхлэгчид оролцож байгаагаас БНСУ-аас “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага оролцож байгаа нь сонирхол татаж байлаа. Учир нь тэд энэхүү үзэсгэлэн яармагаас олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зориулах ажээ. Олон улсад салбар нэгжтэй, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Happy Mom” олон улсын байгууллага нь энэхүү Charity Bazaar буюу хандивын худалдаанаас олсон орлогоо Монголын өрх толгойлсон ээжүүдийг чадавхижуулж, ажлын байртай болгох, зүрхний хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардал зэрэгт зориулах ажээ. Өөрөөр хэлбэл энд зарагдаж буй Солонгосын эрүүл мэнд, гоо сайхны бараа, бэлэн хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, "Happy mom" олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч Жу Тэ Им тэргүүтэй төлөөлөгчид хоёр жилийн өмнө манай улсад айлчилж “Happy mom” /"Монголын жаргалтай ээжүүд/ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх албан ёсны гэрээнд гарын үсэг зурж, төслөө албан ёсоор эхлүүлжээ. Тус олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс жаргалтай, улс жаргалтай бол даян дэлхий жаргалтай” уриан дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, эмэгтэйчүүд,хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байртай болгох зэргээр аз жаргалтай ээж, гэр бүлийг цогцлоох зорилготой төсөл аж. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ныг дуустал буюу Ням гариг хүртэл үргэлжилнэ.