Монголын сагсан бөмбөгчид ДАШТ-д оролцож, бүр эхний хожлоо эзэн орныг буулгаж авч байгуулж чадлаа. Энэ бол яах аргагүй Монголын спортын түүхэнд, тэр дундаа сагсан бөмбөгт тодоор тэмдэглэгдэн үлдэх түүх юм. Монголын багийн спортын түүхэнд ийм өндөр чансаатай том тэмцээнд оролцож, хүчтэй багуудыг хожиж байсан удаа бараг л байхгүй. Харин 3х3 сагсан бөмбөгийн баг л цоо шинэ түүхийг бичиж, дэлхийд Монгол Улсын дэлхий дахинд өөр өнцгөөр таниулж байна. 3х3 сагсан бөмбөг бол багийн спортод хүч түрэн гарч ирж буй төрөл. Бүр 2020 оны олимпын наадамд хүртэл багтсан.
Ингээд бодохоор энэ спорт ямар хурдацтай хөгжиж буйг илэрхийлнэ. Тэгвэл манай сагсан бөмбөгчид маш богино хугацаанд энэ төрлөөр дэлхийд гарч, чансаагаа ахиулж, чадвараа гайхуулж чадаж байна. Бүр энэ жил Филиппин улсын Манила хотод болж байгаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Манай баг С хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппин зэрэг хүчирхэг багуудтай багтсан. Эхний тоглолтуудаа бямба гарагт хийж, Канадад хожигдож, Филиппинийг буулгаж авч чадсан юм. Өнөөдөр сайн тоглож, дахиад хоёр хожвол хэсгээсээ гарах боломж бүрэн байна.
Энэ удаагийн дэлхийн аваргад С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан. Тэд түүхийг бүтээж байгаа, бүтээсээр ч байх болно. Дэлхийн аваргын эхний хожил, цаашлаад хасагдах шат. Медальд хүрэх боломж ч тэдний гарт байна. Хамгийн чухал нь Монголд багийн спорт өндөр хэмжээнд хөгжиж болохыг тэд харууллаа. Хэсгээсээ гараад, медаль хүртээрэй, залуус аа.