Ээж, аавууд хүүхдийнхээ юу хүсэж байгааг мэдэлгүй, тэдний өмнөөс аливаа шийдвэр гаргах нь элбэг. Харин тэдний төлөөлөл болсон 1-12 дугаар ангийн сурагчид үе тэнгийхэндээ, ээж аавдаа, томчууд бидэнд юу гэж хэлэхийг хүсдэгийг сонирхлоо. Хүүхдүүд үе тэнгийнхнийхээ төлөө санаа зовж, тэдний эцэг, эхчүүдэд ч үгээ хэлж байна. Бага ангийн хүүхдүүд ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг бол, дунд ахлах ангийнхан тэдэнтэйгээ илэн далангүй ярилцахыг хүсдэг аж. Насанд хүрэгчид та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.
Нэгдүгээр ангийн сурагч Г.Амин-Эрдэнэ:
-Би намар хоёрдугаар ангид орно. Сургуульд сурах үнэхээр гоё. Ангид суугаад хичээл хийх нь хамгийн гоё байдаг. Том хүмүүс биднийг сайн ойлгодоггүй юм шиг санагддаг. Жишээ нь, Билгүүнтөгс миний нуруу руу маш хүчтэй цохиод би уйлсан юм л даа. Гэтэл томчууд зүгээр үү л гэж асуудаг. Би маш их өвдөж байхад намайг эмнэлэг авч яваад эмчид үзүүлж болдоггүй юм болов уу. Бас үймүүлж болохгүй гэдэг ч, биднийг яагаад тэр зүйлийг хийж байгаа талаар асуудаггүй. Аав минь л намайг сайн ойлгодог доо.
Хоёрдугаар ангийн сурагч О.Энхзаяа:
-Чөлөөт цагаараа зураг зурах дуртай бас хоёр дүүтэйгээ тоглох дуртай. Миний аав Еэвэнгийн захирал. Би аавыгаа мөнгө ахиу олоосой гэж боддог. Миний аав бидэнтэй байх цаг бага. Гэртээ байх үедээ янз бүрийн хоол хийж өгдөг.Тахианы махтай хоолонд нь би бүр ч их дуртай. Ээж маань хумс буддаг. Ээжийгээ тураад, улам л хөөрхөн болоосой гэж боддог. Хүүхдийн баяраар Консунигийн байшинтай тоглоомтой л болмоор байна.
Гуравдугаар ангийн сурагч Д.Цогтбилэг:
-Үе тэнийн найзууд маань онц сураад, мундаг хүн болоосой гэж хүсдэг. Би илүү гарсан мөнгөөрөө дүүдээ эсвэл, найзууддаа гоё юм авч өгдөг. Аав, ээж маань хоорондоо эвтэй байгаасай. Мөнгө чухал биш, дүү бид хоёрыг хайрлаж, халамжлах нь хамгийн чухал юм. Хүн хүндээ сайхан хандахыг хайр гэж боддог. Архи уусан хүмүүс муухай харагддаг болохоор битгий ууж хүмүүсийг зовоогоосой гэж хамгийн ихээр хүсдэг. Том хүмүүс архи уухаараа хүүхдүүдийг зовоодог.
Дөрөвдүгээр ангийн сурагч Н.Номундарь:
-Хичээлдээ явах хамгийн сайхан. Аав ээжтэйгээ хамт байх л хамгийн сайхан. Ном унших дуртай. Айдасгүй, ааваараа хүргүүлэхгүйгээр хичээлдээ явдаг бол мөн гоёо. Манай эмээ өндөр настай хүн байдаг. Хэрэвзээ би ааваараа сургуульдаа хүргүүлдэггүй бол аав минь эмээ дээр байнга очно шүү дээ. Ном унших дуртай. Ээж аав хоёр байнга ном авч өгдөг.
Тавдугаар ангийн сурагч Б.Энх-Эрдэнэ:
-Би Ерөнхийлөгчөөс хотыг маань хоггүй болгоод өгөөч гэж хүсмээр байна. УИХ-ын гишүүд дэмий хэрэлдэж суухаар хотоо хоггүй, сайхан болгох талаар ажиллаач гэж хэлэхийг хүсдэг. Бас ангийхандаа хандаж хэлэхэд, хоорондоо зодолдохоо болиорой. Ангийн аваргыг зодооноор биш сурлагаар шалгаруулдаг болъё. Сайн зодолддог байсан ч хичээлээ хийхгүй бол том болоод муу хүн болно.
Зургадугаар ангийн сурагч П.Нанзад:
-Удахгүй улсын шалгалтууд эхэлнэ. Тиймээс үеийнхэндээ хандаж улсын шалгалтаа сайн өгөөрэй гэж хэлье. Харин томчуудад хандаж хүүхэдтэйгээ хааяа цаг гаргаж ярилцаж байгаарай гэж хэлмээр байна. Аав, ээждээ хичээлээ сайн давтаж, сайн хүн болохын төлөө хичээнэ ээ гэж хэлье.
Долдугаар ангийн сурагч Б.Гантулга:
-Би хөлбөмбөг тоглох дуртай. Тиймээс найзуудаа спортоор хичээллээрэй гэж хүсч байна. Заримдаа өдөржин тоглоод аав, ээжийгээ гомдоох үе байдаг. Намайг уучлаарай гэж хэлье. Томчууд та бүхэн хүүхдээ хайрлаж байгаарай. Аав, ээжгүй, найз нөхөдгүй бол хүүхдүүд ганцаардана. Тиймээс хүүхдээ хайрлаж, аав ээжтэй нь хамт байлгаарай гэж хэлье.
Наймдугаар ангийн сурагч Б.Алтанбаяр:
-Үе тэнгийн найзууддаа үнэ цэнтэй байгаарай гэж хэлье. Хүүхэд бүхэн жаргалтай байгаасай гэж хүсдэг. Томчууд бол хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хүмүүс. Тиймээс орцонд хогоо хаяж болохгүй шүү Мөн гадаа гудамжинд, машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа хүмүүс муухай харагддаг. Соёлтой байцгаая. Мөн архи битгий уугаарай, тамхи ч бас хортой учраас битгий татаарай гэж томчуудаас хүсмээр байна.
Есдүгээр ангийн сурагч Г.Билгүүн:
-Цаг хугацааг дэмий зүйлд зарцуулахгүй, өөрийгөө хөгжүүлэх нь ирээдүйд нь хэрэгтэй шүү. Томчууд хүүхдээ юу хүсэж мөрөөддөгийг мэдэхгүй хэрнээ, муу авсанд нь загнадаг. Гэтэл хүүхдээ яагаад муу авсныг асууж, хамт шийдвэрлэвэл маш их тусламж болдог юм. Хааяа аав, ээжийн дүгнэлт үнэн байдаг болохоор хүү нь алдаанаасаа суралцдаг юм шүү. Өдий зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлалаа. Хайртай шүү гэр бүлийнхэндээ.
Аравдугаар ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ:
-Би том болоод яг ээж шигээ ээж болно гэж боддог. Ээж маань миний хамгийн сайн найз. Найзууддаа хэлдэг бүх нууцаа ээжтэйгээ хуваалцдаг. Миний хамгийн сайн зөвлөгч байдаг ээждээ баярлалаа. Бас биднийг юугаар ч дутаадаггүй аавдаа маш их баярлалаа. Би ээж аавтайгаа бүх зүйл дээр нээлттэй байдаг. Үеийнхээ хүүхдүүдэд ч гэсэн ээж, аавтайгаа нээлттэй байгаарай гэж хэлмээр байна. Миний үеийн хүүхдүүд одоо 15 настай. Бидний үеийнхэнд тулгардаг олон асуудал бий л дээ. Тэр болгонд хамгийн түрүүнд ээж, аавдаа л хандаарай.
Арваннэгдүгээр ангийн сурагч Д.Энх-Үйлс:
-Үе тэнгийхэндээ хэлэхэд, хичээлээ бүрэн сайн судлаад, архи тамхи, муу зуршлаа болих хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ долоо хоногт нэг удаа зав гаргаад ярилцаасай. Эцэг, эхийн хайхрамжгүй зангаас болж хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс хүүхдээ хаана, юу хийж явааг өдөр болгон асууж, илэн далангүй ярилцаарай. Бас өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэр дууриал болоосой. Эцэст нь хэлэхэд, илэн далангүй ярилцаж, зөвлөгөө өгдөг ээж, аавдаа баярлалаа. Та хоёртой хүссэн зүйлээ ярилцаж чаддаг учраас л буруу зүйлд автахгүй, зөв замаар явж байгаа юм шүү. Хайртай шүү та хоёртоо.
Арванхоёрдугаар ангийн сурагч, Нийслэлийн шилдэг сурагч Б.Мөнх-Ирээдүй:
-Арванхоёрдугаар ангийн найзууд маань амьдрал гэх далай руу хөл тавьж, дуртай мэргэжлээ сонгоорой. Түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөөрэй гэж хэлэхийг хүсдэг юм. Томчуудаас хүүхэд бүр урмын үг, инээмсэглэл хоёрыг хүсдэг. Тийм болохоор хүүхдүүддээ урам зориг, аз жаргалыг бэлэглэж байгаарай. Аав ээж минь намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн. Та хоёр минь юу хийхийг хүснэ, түүнийг минь надад өгч юугаар ч дутаагаагүй. Найзууд минь намайг олон төрлийн авъяастай гэдэг. Гэхдээ энэ бүхний ард гэр бүлийн дэмжлэг хамгийн ихээр тус болсон юм. Хүү нь та хоёрынхоо итгэлийг даасан мундаг хүн болж, ачийг тань хариулна.