Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзлаа.
2018 оны хоёрдугаар сард АХБ, БСШУСЯ, Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” техникийн туслалцааны төслийн санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд санамж бичгийн хүрээнд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны төслийн баг өнгөрөгч тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд салбарын сайд энэ удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь өмнөх гурван мастер төлөвлөгөөтэй харьцуулахад нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон боловсролын салбарын шинэ хэрэгцээ шаардлагыг сайтар харгалзсан, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ зөв, оновчтой тодорхойлсон төлөвлөгөө боловсруулах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд
Түүнчлэн 4 дэх удаагийн мастер төлөвлөгөө нь урт хугацааны боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах чадавхийг бүрдүүлж, бүх шатны сургалтын хөтөлбөр, стандартыг чанаржуулж, тогтвортой мөрдөх, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний ашиглалтад нарийвчилсан үнэлгээ өгч, тэдгээрийг боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг болгох хэрэгцээ шаардлага байгаа талаар сайд дурьдав.