"Ашиглалтаас хасагдсан автомашины хог хаягдал-цаашид авах арга хэмжээ" хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Аюултай хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг арав гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 20 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 30 хувийг эзэлж байгаа аж. Жилд дунджаар 3800 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа бол агаарын бохирдлын арав орчим хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоосон байдаг ажээ.
Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь л жил бүр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагддаг бол харин үлдсэн 35 орчим хувь нь улсын бүртгэлээс хасагдаагүй ч ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл байдаг байна.