ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийд танигдах монгол авьяастан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-29

Голланд улсаас гаралтай “The Voice” шоуг дэлхийн бүх оронд зохион байгуулдаг яг тэр хэлбэрээр нь “Монгол HD” телевиз Монголд амжилттай зохион байгууллаа. Энэ оны нэгдүгээр сарын 21-нд анх үзэгчдийн хүртээл болсон “The Voice”  шоу дөрвөн сарын турш үргэлжилж, өнгөрсөн ням гарагт ялагчаа тодрууллаа. Шоуны эцсийн шатанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа, Ц.Энгүүн, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал нар өрсөлдсөн юм.  Улмаар эхний шатнаас л шүүгчид, үзэгчдийг байлдан дагуулж чадсан Ц.Энгүүн түрүүлж, дэлхийд танигдах монгол авьяастанаар тодорлоо. Ингэснээр тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрхтэй болж байгаа юм. Ц.Энгүүн яах аргагүй энэ шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгч, чадварлаг дуучин байж чадсан. Дэлхийд танигдах монгол авьяастан гэдгээ ч нотоллоо. Эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрийг нь дэлхий онцолж, “Global Voice”-оор цацсан нь үүний бас нэг нотолгоо. “Монгол HD” телевиз энэхүү гайхалтай шоуг тун ч амжилттай зохион байгуулж, үзэгчдийг хэсэгтээ л үзэх нэвтрүүлэгтэй байлгаж чадлаа.  

Тиймээс энэ телевизийн уран бүтээлчдэд баярлах ёстой, монголчууд. Мөн шоунд түрүүлсэн Ц.Энгүүн цаашид улам их хөдөлмөрлөж, дэлхийд танигдах монгол авьяастан гэдгээ улам баталж харуулаасай. Өмнөх олон шоуны ялагчид шиг усанд хаясан чулуу шиг таг чиг битгий болоорой гэж захимаар байна.  Шоуны сүүлчийн шатанд үнэхээр  авьяастай дөрвөн оролцогч шалгарч үлдсэн. Тус бүрийн дэмжигчид нь тэднийг түрүүлээсэй гэж хүсч байсан нь ойлгомжтой. Тиймдээ ч өөрийнх нь дэмжиж байсан оролцогч түрүүлээгүйд бухимдсан хүмүүс цахим ертөнцөд бухимдлаа илэрхийлж байна. Тэднийг буруутгах аргагүй. Учир нь А.Болормаа,  Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал нар үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан юм. Тиймээс ийм авьяаслаг дуучдыг давж гарч, түрүүлсэн хүн жинхэнэ утгаараа дэлхийд танигдах авьяастан л байж чадаж гэмээнэ хүлээн зөвшөөрөгдөнө.