Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн луйвар, булхай илчлэгдлээ. Тэрбээр улс төрд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд Монголын төрөөс сохор зоосч авч байгаагүй, түрээсийн байранд хоног төөрүүлж, унах унаагүй, үзэх зурагтгүй хэмээн ярьж, өнөөг хүртэл монголчуудаар өөрийгөө өрөвдүүлж ирсэн нь нууц биш. Гэтэл ам нээх бүртээ Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга ёсыг тогтооно хэмээн тунхагладаг эрхэм сайдын эхнэр, хүүхдийн нэр дээр 17 орон сууцтай гэдэг нь өчигдөр олон нийтэд дэлгэгдлээ. Түүний талаарх энэхүү мэдээллийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэсэн юм.
Тэгвэл өнөө хэр нь өөрийгөө түрээсийн орон сууцанд буюу амбаар шиг юманд амьдардаг хэмээн зарласан эрхэм Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та 17 ширхэг үл хөдлөх хөрөнгөө хэрхэн авсан талаарх тайлангаа хууль хяналтынханд гаргаж өгөх цаг нь болжээ. Түүнчлэн Хуульзүй, дотоод хэргийн сайдаар таван удаа сонгогдсон эрхэм сайдын жил жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дээр дурьдагдсан хөрөнгө тусгагдаагүй нь албан тушаалтай нь холбоотой бололтой. Түүнээс биш 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй, зах зээлд нэлээд өндөр үнээр үнэлэгдэхүйц хөрөнгө өөрийг нь тойроод байж байхад өнөөг хүртэл хянаж шалгахгүй, тогтоохгүй, мэдүүлэхгүй явна гэдэг албан тушаалын халхавч, сонгодог луйвар гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ.