ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сугарсан” Д.Сугар

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-22

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар албан тушаалаасаа “сугарахаар” боллоо. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсны дараа “Надад улирч ажиллах хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдөөд та нараас холдмоор байна” хэмээн томорсон энэ эрхэм тун удахгүй хуулийн байгууллагуудын өмнө жижигрэх цаг ирэх нь.

1983 оноос эхлэн төрийн байгууллагад удирдах албан тушаал тасралтгүй хашсаар ирсэн энэ хүн Монгол Улсад хэрэгтэй, ач холбогдолтой зүйл хийсэн гэх ямар ч мэдээлэл байдаггүй. Харин төрийн эрх мэдлийг ашиглаж их хэмжээний мөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх хэрэг гарах бүрт түүний нэр ямар нэгэн сэжмээр холбогдсоор ирсэн нь үнэн юм.

Тухайлбал, Д.Сугарын 2006 онд томилсон МИАТ компанийн захирал болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ нар “Дайны эрсдлийн сан” гэгчийг байгуулж, асар их хэмжээний мөнгө завшсан хэргээр яллагдаж байхад Д.Сугар шалгагдах нь бүү хэл БНСУ-ын баячуудын хороололд 600 сая воны үнэтэй хаустай болж байв.

Түүнчлэн, 2009 онд ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавих баталгааг гаргаж өгсөн хэмээн буруутгагдаж байв. Монгол Улсын төсвийн саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан хүмүүс баривчлагдаж, шалгагдаж эхлэхэд Д.Сугар уг хэргээс сугарч үлдсэнээр барахгүй Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 48 сая иенээр буюу 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авч байсан юм.

Өөрийнхөө жилийн орлогоос 240 дахин их хөрөнгөө АТГ-т мэдүүлээгүй гэх асуудал олон нийтэд ил болох үед Д.Сугар Цэцийн гишүүнээсээ чөлөөлөгдөх бус харин гурван сарын турш цалингаа 20 хувиар хасуулах сахилгын “шагнал” хүртэж байв. “Сугарсан” Сугарыг шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг нь шалгах цаг тун удахгүй ирэх биз ээ.