Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 77 жил, экспортолж эхэлсний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын үйл ажиллагаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, М.Энхжаргал, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат нар оролцсон юм.
Мөн ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл оролцлоо. Уг хурлыг нээж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлэв. Тэрбээр “Газрын тосны салбарын төлөөллүүд, УУХҮЯ-ны хэлтсийн дарга нар, газрын тосны үе үеийн мэргэжилтэн удирдлагууд та бүхэндээ газрын тосны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа дотоодын хэрэгцээг бид аймаг орон нутгийн байгууллагуудад түгээж Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж байна” хэмээн ярилаа. Мөн энэ үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.