Польшийн Краков хотын төв талбайд өчигдөр зэвсэгт этгээд машинаасаа хүмүүс рүү ялгалгүй гал нээжээ. Халдлага орон нутгийн цагаар 15:00 цагийн үед, Улаанбаатарын цагаар 22:00 цагт болсон. Тус талбай Польшийн хамгийн алдартай жуулчны газрын нэг юм.
Халдлагад зургаан хүн амиа алдлаа. Тэдний дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Польшийн Цагдаагийн ерөнхий газрын даргын мэдээлснээр амиа алдагсдын гурав нь Польш эмэгтэй, нэг нь Их Британийн иргэн. Үлдсэн хоёр хүний хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Шархадсан 16 хүний хоёр нь цагдаа. Цагдаа нарын нэг нь эгзэгтэй байдалд байгаа юм. Шархадсан хүмүүсийн дунд жуулчдыг морин тэргээр зугаалуулдаг таван хүн байжээ.
Цагдаа нар халдлага үйлдэгчийг шархдуулж баривчилсан бөгөөд одоо эмнэлэгт байна. Халдлага үйлдэгч Польшийн иргэн болохыг цагдаа нар албан ёсоор баталжээ. Халдлагад ашигласан буу нь түүний аавынх бөгөөд аав нь 11 галт зэвсгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байжээ. Тэрбээр токарьчин мэргэжилтэй, 24 настай залуу байсан аж.
Халдлагын дараа цагдаа нар түүний гэрээс хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн цогцос олжээ. Ерөнхий сайд Д.Туск тэднийг халдлага үйлдэгчийн ар гэрийнхэн байх магадлалтай гэж мэдэгдэв. 52 настай аав, 51 настай ээж, 24 настай охин дүүгээ буудан хөнөөсөн байжээ.
Д.Туск энэ халдлагыг терроризм гэж нэрлэлээ. "Польшид өнөөг хүртэл ийм хэрцгий террорист хэрэг гарч байгаагүй" гэж тэрээр Краковт сэтгүүлчдэд хэлжээ. Батлан хамгаалахын сайд В.Косиняк-Камыш мөн үүнийг Краковын иргэдийн эсрэг үйлдсэн террорист халдлага гэж үнэлэв. Ерөнхий сайд гэмт хэргийн бүх нөхцөл байдлыг тогтооно гэж мэдэгджээ. Халдагчийг зогсоосон хоёр цагдаагийн албан хаагчийн биеийн байдал тогтворжсон бөгөөд Польш улс даяар цус хандивлах болон мөнгөн хөрөнгийн хандив эхэлж, 1.2 сая ам.доллар цуглаад байгаа аж.