Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нартай уулзлаа.
Уулзалтаар БНХАУ-ын тал манай улсад гэрээний дагуу шатахууныг шуурхай, тогтвортой нийлүүлж байгаагаа онцлон тэмдэглэв. Харин Монгол Улсын талаас цаашид бүх төрлийн шатахууныг тогтмол худалдан авах зорилготой байгааг илэрхийлж, БНХАУ-аас шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг тавилаа.
Мөн уулзалтын үеэр Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан Хятадын иргэдийн эрхэнд халдсан асуудал хөндөгдөв. БНХАУ-ын тал уг явдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, хуулийн байгууллагууд буруутай хүмүүст хариуцлага тооцох эсэхийг анхааралтай ажиглахаа мэдэгдсэн юм.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв гадаадын иргэд болон хөрөнгө оруулагчдын эрхэнд халдсан явдалд харамсаж байгаагаа заан уучлалт хүсээд, асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлснийг дуулгав. Мөн цаашид иргэдэд газрын тосны хайгуулын ажлын онцлогийг зөвөөр ойлгуулах сохион байгуулалттай ажил эхлүүлэхээ танилцуулж, хоёр улсын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.