ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ: Багануур ХК-ийг түшиглэн нүүрс-пиролизийн үйлдвэр байгуулж, ирэх оноос хагас кокс түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ

O.Admin
1 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр (2026.08.06) болж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, нүүрсний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл болох Багануур ХК-ийг түшиглэн Нүүрс-Пиролизийн үйлдвэр байгуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцэн батална.

Ирэх оноос хагас кокс түлшээ дотооддоо үйлдвэрлэнэ

Төслийн хүрээнд Багануурын нүүрсний ордыг түшиглэн пиролизийн технологи бүхий үйлдвэр байгуулснаар ирэх оноос эхлэн нийслэлийн хэрэглээнд шаардлагатай хагас кокс түлшийг Монгол Улс өөрийн дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Пиролизийн технологи нь нүүрсийг хүчилтөрөгчгүй орчинд өндөр температурт боловсруулж, илчлэг өндөртэй, утаа болон хорт бодисын ялгаралт харьцангуй бага түлш үйлдвэрлэдэг дэвшилтэт технологид тооцогддог.

Ингэснээр нийслэлийн гэр хорооллын түлшний чанарыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ нүүрсний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ач холбогдолтой.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны томоохон төсөл

НИТХ-аас баталсан энэхүү шийдвэрээр төслийг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгож байгаа бөгөөд ингэснээр төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ.

Төсөл хэрэгжсэнээр:

✅Хагас кокс түлшийг импортоос бус дотооддоо үйлдвэрлэх,

✅Багануурын нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,

✅Ажлын байр шинээр бий болгох,

✅Дэвшилтэт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

✅Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогыг дэмжих зэрэг олон талын үр нөлөөтэй.