ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Гадаад зээл ашиглалтын хууль унасан ч том төслүүдээ хэрэгжүүлээд явна

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр гадаадын зээл, тусламжаар хэрэгжих томхон төслүүдийг улсын нэгдсэн төсвөөс салгах буюу Гадаад зээл ашиглалтын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх байсан ч санал хураалтын үеэр унасан юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Ерөнхий сайдаас асуулт асуув.

Тэрбээр, "Гадаад зээл ашиглалтын хууль эцэслэн батлах шатандаа уналаа. Нэгэнт босгосон зээлүүдээ яаж ашиглах гэж байна вэ" гэв. Ерөнхий сайд Н.Учрал "Н.Алтаншагай нарын гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь эх үүсвэр бэлэн байгаа зээлээ ашиглая, хурдан хугацаанд төслүүдээ явуулъя гэж Их хурлаар оруулж ирсэн төсөл гэж харж байгаа. 

Гадаад зээл дээр орон зай бий. 2027 онд 4, 2028 онд 3.8, 2029 онд 3.5 гэхээр 11.3 их наядын орон зай байгаа. Төсвийн энэ хүрээнд Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэр зэрэг төслүүдээ үргэлжлүүлээд явуулна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөв явж байгаа. Гадаад зээлийн ашиглалт орчих байсан ч уначихлаа гээд төсвийн хүрээний мэдэгдлээс хасна гэж байхгүй" гэсэн хариулт өгөв.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Гадаад зээл ашиглалтын тухай хууль унаснаар Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэрийн төсөлдөө төсөвт тавигдсан гадаад зээлээ түлхүү ашиглана гэсэн үг. Бусад буюу орлогод нийцсэн орон сууц, шинээр баригдах сургууль, цэцэрлэг, 17 аймгийн эрүүл мэндийн төвийн төсөл, 10 аймгийн дулааны станц, бүс нутгийн бүх автозамын төсөл, хил боомтын үйлчилгээ сайжруулах төслүүд хэрэгжих боломжгүй боллоо. Бид 18.3 тэрбум ам.долларын гадаад зээлийн гэрээтэй. Жилдээ 30-40 тэрбумыг төлдөг. Уг нь нэн хөнгөлөлттэй сайн зээлүүд.

Цалин, тэтгэврийн нэмэгдлээс шалтгаалж улсын төсвийн урсгал зардал нэмэгдэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2027 онд танагдана. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг. Хуучин хэрэгжиж байснаас нэн тэргүүний хэсгийг таслаад 2.2 их наядад багтааж үргэлжлүүлнэ. Уг нь гадаад зээлээ таслаж аваад хуулиа гаргаад ирсэн бол 4 орчим их наядын санхүүжилтээр хөнгөлөлттэй, амлагдсан зээлээ санхүүжүүлсэн бол та бидний амлалт хэрэгжих байсан юм" хэмээлээ.