Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг уялдуулан боловсруулах, шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих, инновацын чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.04.15/ шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, хөгжлийн асуудлаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшил болон салбарын эрдэмтэн судлаачид оролцож, бодлогын чиглэл, хэрэгжилтийн талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн хүрээнд шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон хэлэлцэв. Үүнд, мэдээллийн технологи, хиймэл оюун, өгөгдлийн эдийн засгийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нээлттэй өгөгдлийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудлыг онцоллоо.
Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн технологи дамжуулалт, оюуны өмч, инновацын үр ашгийг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэлэлцэв. Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, гадаадад бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг татах, залуу судлаачдыг дэмжих, судлаачдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийн дүнд шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил нь санхүүжилтээс гадна нөөцийн үр ашигтай менежмент, бодлогын уялдаа, хүний нөөцийн чанарт тулгуурлах шаардлагатайг оролцогчид онцолж, гарсан санал, зөвлөмжийг “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд тусгахаар боллоо.