ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Энэ хууль батлагдвал парламент ДУМ-тай адилхан болно

O.Admin
12 цагийн өмнө

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн билээ.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид Ерөнхийлөгчийг ард түмнээс яагаад ч сонгож болохгүйг эндээс харлаа. Ерөнхийлөгчийн засаглал олон жил далд явсан бол өнөөдөр ил гарч ирлээ. Парламентын засаглал өөрөө олон ургальч үзэл дундаас нийгмийн тэнцвэрийг олж харах боломжтой, авлигатай тэмцэх боломж юм. Гэвч энэ эрхэнд шууд халдлаа. Дээд шүүх, Цэц гээд Ерөнхийлөгчид байгаа эрх мэдлээр дамжиж парламентад халдлаа. Энэ хууль батлагдвал парламент ДУМ-тай адилхан болно. Чив чимээгүй.

Үзэл санаагаа илэрхийлж чадахгүй, зөвхөн санал л хураадаг. Өнөөдөр 126-уулаа таван намтай байхад л улаан цагаан Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн гэдгийг хэлж чадахгүй сууж байна шүү дээ. Парламент руу маш бүдүүлгээр халдлаа. Хэзээ ч Үндсэн хуулийн цэц парламентын ирц идэвхтэй, идэвхгүй асуудлыг хэлэлцэж байгаагүй. Хэзээ ч парламент нь Гүйцэтгэх засаглалаа огцруулж байхад хориг тавьдаг байгаагүй. Энэ мэт нь парламент бол юу ч биш гэдгийг харууллаа. Дуу хоолойгоо хязгаарлаж байгаа өөрийн чинь арчаагүй шийдвэр ирээдүйд үр хүүхдэд чинь ирнэ. Монгол Улс дарангуйлал руу алхам, алхмаар шилжиж байна. УИХ-ын дарга нь өөрөө парламентын эсрэг ажиллалаа. Энэ хуулийг дэмжүүлэхийн тулд долоо хоног завсарлага аваад дэмжүүлэх гэж ажилласан. Парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид аваачиж өгсөн түүхэн дэх хамгийн ичгүүртэй УИХ-ын дарга боллоо.

Түүхэнд тас хараар будагдаж үлдэх УИХ-ын дарга байх нь ээ. Хоёр ч УИХ-ын дарга огцорчихоод байхад ийм зүйл хийж болохгүй. Хаанаа могой жилд сунгачихъя гэдэг ажлыг хамгийн их ярьж, зохион байгуулалтын гол асуудлыг хийсэн О.Амгаланбаатар гишүүн өнөөдөр парламентын дархлаа яриад явж байна. Хаан гэж хэнийг хэлээд байгаа юм. Яахаараа зургаан жил ажиллах ёстой юм гэдгийг хэлсэн. Гишүүдийг хууль хяналтаар айлгадаг, нам дамнасан хүмүүс нэг хүнд үйлчилдэг хүмүүс байна. Иймхэн асуудал дээр зогсож чадахгүй бол цаашдаа бид тусгаар тогтнол, том төслийн асуудал дээрээ яах вэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.